УИХ-ын Түр хороо өчигдөр коронавирусээс урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг хэлэлцсэн.

Энэ талаарх мэдээлэлдээ Шадар сайд Я.Содбаатар хилийн боомтуудын үйл ажиллагааны талаар дурдаж, автозамын 6 боомт хэвийн ажиллаж байгаа, хаасан байсан Цагаан нуур боомтыг нээснийг онцоллоо.

Тэрээр "Хилийн боомтын тухайд “Цагааннуур”, “Боршоо” авто замын боомтыг 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс хаасан байсан. 

“Боршоо” авто замын боомтыг 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл үргэлжлүүлэн хаана. Харин “Цагааннуур” боомтыг өчигдрөөс эхлэн нээсэн. “Эрээнцав” төмөр замын боомтыг 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл  зогсоогоод байна. Хилийн “Тэс”, “Арц суурь”, “Ханх”, “Ульхан”, “Эрээн цав” авто замын боомтуудын хөдөлгөөнийг 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс түр хаасан байгаа. 

Харин хилийн “Булган”, “Шивээхүрэн”, “Гашуунсухайт”, “Ханги”, “Бичигт”, “Баянхошуу” авто замын боомтууд хэвийн ажиллаж байна" хэмээлээ.