Японы Засгийн газар болон эрх баригч Либерал-Ардчилсан намын удирдлагад аравдугаар сарын 2-нд халаа сэлгээ хийнэ гэж Японы Ерөнхий сайд Шинзо Абэ Америкийн Нью-Йорк хотод болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ. Тэрбээр тус хотноо НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы хүрээнд зохион байгуулж байгаа арга хэмжээнүүдэд оролцож буй юм.

“Японы сайд нарын танхимын бүрэлдэхүүнийг аравдугаар сарын 2-нд өөрчилнө. Хэйсэйн эриний дараачийн эринд шинэ Япон орныг байгуулах эхлэлийг тавихыг хүсч байна” гэж Шинзо Абэ хэлснийг телевикийн “NHK” суваг дамжуулжээ. Японд ирэх оны тавдугаар сард тус улсын одоогийн хаан Акихито хаан суудлаа том хүү Нарухитод шилжүүлэн өгснөөр эрин солигдох юм.

Шинзо Абэ мөн халаа сэлгээгээр Японы Сангийн сайд бөгөөд шадар сайд Таро Асо, сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Ёшихидэ Суга нарыг суудалдаа хэвээр үлдэнэ гэдгийг мэдэгджээ.

“Kyodo” агентлагийн мэдээлснээр, шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнд бусад гол гол сайд нар болох Гадаад хэргийн сайд Таро Коно, ОХУ-тай хийж буй харилцааны асуудлыг Японы Засгийн газарт зохицуулдаг Эдийн засаг, худалдаа, үйлдвэрлэлийн сайд Хирошигэ Сэко, одоо АНУ-тай худалдааны хэлэлцээ хийж байгаа Эдийн засгийг сэргээн босгох асуудал хариуцсан сайд Тошимицу Мотэги нар суудлаа хадгалж үлдэнэ.

Есдүгээр сарын 20-нд болсон Японы Либерал-Ардчилсан намын даргын сонгуульд Шинзо Абэ бүс нутгийн болон парламентын гишүүдийн дийлэнх олонхын саналыг авч итгэлтэйгээр ялсан билээ. Түүний цорын ганц өрсөлдөгч болох Батлан хамгаалахын сайд асан Шигэру Ишиба түүнээс хоёр дахин бага санал авчээ.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг