ТОКИО. /TASS/. Японы шинэ эзэн хаан Нарүхито хаан хүний хувиар ард түмэндээ хандсан анхны үгээ хэллээ. Эзэн хааны ордонд болсон ёслолын арга хэмжээг тус улсын үндэсний телевизийн сувгууд шууд дамжуулжээ.


“Төр, ард түмний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болох Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ сахин биелүүлнэ гэдгээ амлаж байна” гэж Японы шинэ эзэн хаан хэлжээ. Тэрбээр мөн дэлхий даяар энх тайван цогцлоох үйл хэрэгт хувь нэмрээ оруулна гэдгээ цохон тэмдэглэсэн байна.


Ёслолын арга хэмжээнд хатан хаан Масако болон эзэн хааны гэр бүлийн гишүүд, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ, мөн сайд нарын танхимын гишүүд, парламентын хоёр танхимын дарга нар, Дээд шүүхийн шүүгчид, орон нутгийн эрх баригчид болон олон нийтийн байгууллагуудын төлөөлөгчид оролцжээ.


Эх сурвалж: Монцамэ агентлаг