Японы хөл бөмбөгийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Акира Нишино энэ сарын сүүлчээр ажлаасаа чөлөөлөгдөнө. Энэ тухай Японы Хөл бөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Кожо Ташима мэдэгдлээ.

Харин Нишиногийн оронд хэн ажиллах гэж байгаа талаар албан ёсоор зарлаагүй боловч Японы спортын хэвлэлүүдэд бичиж буйг үзвэл, Герман, АНУ-ын шигшээ багуудын ахлах дасгалжуулагчаар ажиллаж байсан Юрген Клинсман Японы шигшээ багийг дасгалжуулах магадлал өндөр байна.

А.Нишино энэ оны 4 дүгээр сараас Японы шигшээг дасгалжуулж эхэлсэн юм. Түүний өмнө ажиллаж байсан Вахид Халилхожич нь Японы багийн ДАШТ-2018-нд оролцох замыг зассан боловч тэрбээр өөрийнх нь удирдлагад байгаа тамирчидтай хэл амаа ололцдоггүй байсан учраас огцорсон аж.

Сануулан дурдахад, Японын шигшээ баг бельгичүүдтэй хийсэн 1/8-гийн шигшээ тоглолтын хоёрдугаар үед 2:0-оор хожиж явсан боловч тоглолтын үндсэн цагийн нэмэлт 5 минутын сүүлчийн минутанд 2:3 харьцаагаар хожигдсон билээ.
 

Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг