Японы парламент өнөөдөр гадны ажиллах хүчнийг ашиглах хоригоо цуцалсан хуулийн нэмэлт өөрчлөлтийг баталжээ. Японы Либераль ардчилсан нам тэргүүтэй эрх баригч эвслийн дэмжсэн шинэ нэмэлт өөрчлөлтийн үйлчлэл ирэх оны 4 дүгээр сараас хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэх аж.

Тус улсад ажиллах зөвшөөрлийг эрдэм шинжилгээний ажитан, багш, хөгжимчин, спортын дасгалжуулагч зэрэг зөвхөн гадны мэргэжлийн өндөр ур чадвартай хүмүүст олгох аж. Гаднынхныг биеийн хөдөлмөр эрхлэх ажилд ашиглахыг ерөнхийдөө хориглож байгаа хэдий ч энэ хүрээнд явуулах бодлогоо сүүлийн үед зөөлрүүлээд байгаа аж.

Одоогоор Японы Засгийн газар цагаач ажилчдыг өргөнөөр татахтай холбоотой шинэ тогтолцоог нэвтрүүлэхийг зорьж байна. Ажиллах хүчний дутагдал тэлсээр байгаа салбаруудад гадны ажиллах хүчнийг ашиглахыг төлөвлөж байна.

Япон хэлний хангалттай мэдлэгтэй гадныханд 5 хүртэлх жилийн, урт хугацаатай виз олгохоор төлөвлөж байгаа бөгөөд ингэхдээ гэр бүлтэйгээ хамт явахыг зөвшөөрөхгүй аж. Харин илүү өндөр ур чадвартай ажилтнуудад хугацааны хязгаарлалтгүйгээр визийг сунгах, байнгын оршин суух эрхийг олгох бөгөөд энэ төрөлд багтах хүмүүст Япон улсад гэр бүлээ урих эрхийг олгох аж.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, ТАСС