ТОКИО. /NHK/. Японы эзэн хаан Акихито, түүний гэргий Мичико нар Панамын Ерөнхийлөгч Хуан Карлос Варела, түүний гэргий нартай Токио хотноо байрлах Эзэн хааны ордонд пүрэв гарагт уулзсан байна.

Эзэн хаан Акихито дөрөвдүгээр сарын 30-нд хаан ширээнээсээ буухын өмнө бусад улс орны төр, засгийн тэргүүн болон өндөр түвшний төлөөлөгчтэй хийж буй сүүлийн уулзалт энэ болжээ. 

Дэлхийн энх тайван, хөгжил цэцэглэлтэд оруулсан эзэн хааны хувь нэмэрт талархаж буйгаа Х.Варела уулзалтын үеэр илэрхийлсэн байна. Хэйсэйн эрин үргэлжилсэн 30 жилийн хугацаанд дайн дажин гараагүйг хамгийн чухал хэмээн эзэн хаан Акихито онцлоод, үүний шалтгаан нь Японы ард түмэн дайны уршигт нухацтай ханддаг болсонтой холбоотой гэж хэлжээ. 

Пүрэв гарагт болсон энэхүү уулзалт нь гадаадын өндөр албан тушаалтантай хийсэн Японы эзэн хааны 354 дэх уулзалт болсон байна.

Лхагва гарагт эзэн хааны бие чилээрхсэний улмаас ордонд зохион байгуулсан арга хэмжээнүүдэд оролцоогүй боловч пүрэв гарагт үүрэгт ажилдаа эргэн оржээ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг