Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Монгол Улсын иргэдийг гадаад улсад хөдөлмөр эрхлэхэд зуучлах тусгай зөвшөөрөлтэй байгууллагуудын үйл ажиллагаанд шалгалт хийжээ. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг нийт 66 байгууллагыг хамруулан шалгасан ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн тушаал гаргаж зарим аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон байна. 

Уг тушаалаар Япон улсад дадлагажигч гаргахаар ХНХЯ-наас тусгай зөвшөөрөл авсан “Аск Эба”, “Баян Алтан бухт”, “Би Жи Сервис”, “Кайкакү”, “Монжа Интернешнл Эдүкейшн”, “Монфүжи”, “Монгол стандарт”, “Сарухай”, “Ти Ай Партнерс”, “Хар-Од”, “Эрмэг жигүүр”, “Эрхэс Очир Эрдэнэ” гэсэн 12 компанийн гадаад улсад хөдөлмөр эрхлэхэд зуучлах тусгай зөвшөөрөл энэ сарын 20-ноос эхлэн хүчингүй болгожээ.

Аж ахуйн нэгжүүдэд хийсэн шалгалтаар баримт бичгийн бүрдүүлэлт хангалтгүй, зуучлалын төлбөр, сонгон шалгаруулалтын журам, хураамж авах тухай тогтоолгүй, иргэдээс их хэмжээний төлбөр, хураамж авсан хэрнээ дадлагажигчаар илгээгээгүй зэрэг зөрчил дутагдал илэрсэн байна.