Япон улсын Гадаад хэргийн сайд Монгол Улсад айлчлах талаар Гадаад харилцааны яамнаас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр "Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны урилгаар Япон улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү 10 дугаар сарын 09, 10-ны өдрүүдэд манай улсад албан ёсны айлчлал хийнэ. Айлчлалын үеэр сайд Мотэги Тошимицү Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт бараалхана. Гадаад харилцааны сайд Энхтайвантай албан ёсны хэлэлцээ хийнэ. 

Уулзалт хэлэлцээний үеэр талууд:

  • Монгол-Японы стратегийн түншлэлийг бататган бэхжүүлэх талаар,
  • Дээд, өндөр түвшний яриа хэлэлцээний давтамжийг хадгалах, 
  • Бүхий л салбарт хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэн гүнзгийрүүлэх талаар ярилцана. 

Энэ удаагийн айлчлал нь Япон улсын Ерөнхий сайдын Монгол Улсад хийж буй 5 дахь айлчлал юм. Өмнө нь Япон Улсын Гадаад хэргийн сайд С.Уно 1989 онд, Ё.Кавагүчи 2004 онд, К.Окада 2010 онд, Т.Коно 2019 онд тус тус Монгол Улсад айлчилсан.

Өмнөх онд тус улсын Гадаад хэргийн сайд манай улсад айлчилсан учир энэ удаагийнх он дараалсан айлчлал гэдгээрээ онцлог. Мөн өөр аль нэг улсаар давхар айлчлах биш зөвхөн Монгол Улсад л айлчилна. Энэ нь Япон улсын төр засаг, Засгийн газар, Гадаад хэргийн сайд нь Монгол Улстай стратегийн түншлэлийг бэхжүүлэх асуудалд өндөр ач холбогдол өгч байгааг харуулж байна" хэмээлээ.