Япон Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар Кобаяши Хироюки томилогджээ. Өмнө нь Япон улсаа төлөөлж байсан Элчин сайд М.Такаокагийн бүрэн эрхийнх нь хугацаа дуусаж нутаг буцсан байна.

Шинэ Элчинг Итгэмжлэх жуух бичгээ барихтай нь холбогдуулан Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг хүлээн авч уулзав.

Уулзалтаар Монгол Улсын ардчилал, шинэчлэлийг гүнзгийрүүлэх, орчин үеийн хөгжлийн суурийг тавихад Япон Улсын дэмжлэг, зээл, тусламж онцгой үүрэг гүйцэтгэж ирснийг тэмдэглэж, цаашид хоёр улсын найрсаг харилцаа, харилцан ойлголцолд суурилсан Стратегийн түншлэлийн харилцааны эрчийг бууруулалгүй улам гүнзгийрүүлэхийн төлөө байгаагаа Дэд сайд онцоллоо.

Элчин сайд Х.Кобаяши Монгол Улсад 3 дахь удаагаа томилогдон ажиллах болсондоо баяртай байгаагаа илэрхийлж, өндөр түвшинд бүхий салбарт амжилттай хөгжиж буй Монгол, Японы Стратегийн түншлэлийг цаашид улам бэхжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв.

Мөн тэрээр 2020 оны Олимпын болон Паралимпын наадамд хоёр орны тамирчид өндөр амжилт гаргана гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв.