Миний найз бол ганц бие эмэгтэй. Тэр 45 настай, өмнө нь хэзээ ч гэр бүл зохиож байгаагүй. Хамаг хүч чадал, залуу насаа хувийн бизнестээ зориулсан бөгөөд компанид нь одоо 100 гаруй хүн ажилладаг. Найз маань 3 гадаад хэл мэддэг, шоппинг хийхийн тулд Дубаи, Амстердам руу аялдаг, Курамати арал дээр амралтаа өнгөрүүлж, шинэхэн БМВ-гээ тун сайн барьж чадна. Бид хааяа уулзаж хамгийн үнэтэй, дэгжин ресторанд орж кофе уудаг юм. Гэхдээ түүнтэй хамт байхад надад нэг л тухгүй - гэдсээ татмаар, Трампын хэлсэн үгнээс иш татмаар эсвэл хятад хэлээр ярьмаар санагдаад байдаг. 

Тэр хэзээ ч өөртөө бүрэн амралт өгч, биеэ сул тавьдаггүй. Ресторанд ороод зөөгч рүү нь ихэмсэгээр харж, захиалга өгөхөөсөө өмнө ахлах тогоочийг нь дуудуулж хэл амыг нь сугалах шахдаг. Түүнийг цэцэг навчтай энгийн сарафан өмсчихсөн хөдөө цэцэг түүж явахыг эсвэл эмэгтэйчүүдийн роман уншиж тал газар хэвтэж байхыг төсөөлж боломгүй. Харин эдгээрийн оронд бизнес-төлөвлөгөө, тайм-менежмент, стратеги гэгч зүйлс түүний сонирхлыг татна. Мөн өөрт нь урьдчилаад ямар нэгэн зүйл санал болгох эрэгтэйг тэр олохыг хүсдэг. 


Яг үнэндээ энэ төрлийн ганц бие эмэгтэйчүүдийн 

нөхөрт гарч чаддаггүй шалтгаан тун энгийн

“Би өөрөө бүхнийг чадна” гэсэн уриан дор амьдардаг эмэгтэйчүүдийн дотоод энерги өөрчлөгдсөн байдаг гэнэ. Энергиэс авахуулаад бүх зүйл өөрчлөгдөнө: алхаа гишгээ, нуруу туруу, нүүрний хувирал бүр инээд нь хүртэл. 

Эсрэг хүйстэн нь ийм эмэгтэйг хараад тал тал тийш үргэдэг бөгөөд болзоонд урих талаар бодол тэдэнд орж ирдэг ч үгүй. Учир нь тэр эмэгтэй яг л эрэгтэй хүн шиг болсон байдаг. Жинхэнэ эр хүн өөртэйгөө адил эрэгтэйг сонирхох нь юу л бол. 

Энэ механизмыг ойлгохын тулд эхлээд эрэгтэй эмэгтэй 2 хүн юуны тулд амьдралаа холбодог талаар санах хэрэгтэй. Ямар ч байсан секс хийх гэж эсвэл хуримын бөгж худалдаж авах гэж, гэрлэлтийн баталгаатай болохын тулд гэр бүл зохиодоггүй. Харин бие биенийгээ дэмжиж, хурцалж, ганц бие байхдаа олж авч чаддаггүй байсан тэр зүйлийг олж авч, мэдрэхийн тулд дэр нэгтгэдэг шүү дээ. 

Эв нэгдэлтэй хос гэж тэс ондоо энергитэй, ижил түвшний 2 хүнийг хэлнэ. Ийм байж л бие биенийхээ дутууг нөхөж амьдарна. Эрэгтэйд нь шуудай дүүрэн төмс байлаа гэхэд эмэгтэйд нь ч мөн адил шуудай төмс байвал тэд бие биедээ юу ч өгч чадахгүй. Ийм нөхцөлд эрэгтэй нь сагс дүүрэн алимтай эмэгтэй руу явах хэрэг гарна. Хүнд өөртэй нь яг адилхан клон хэрэггүй, өрсөлдөгч бол бүр хэрэггүй. Харин хамтрагч хэрэгтэй байдаг. Өрсөлдөөн байгаа газар дайн болж байдаг. Дайны үед хайр дурлал гэгч зүйл мартагддаг жамтай. 

Манай найз шиг эмэгтэйчүүд “эрэгтэй хүн тэднээс илүү хүчтэй байх хэрэгтэй” гэж ярьж байхыг олонтаа сонссон. Тэд тун ухаантай, баян “Рэмбо”-г хүлээсээр насыг барна. Харин үүний оронд бага зэрэг сул дорой, эмзэг, эмэгтэйлэг болох хэрэгтэй. Ус алдсан крантаа өөрөө засаж, бусдыг харааж зүхэлгүйгээр хэн нэгнээс тусламж хүс л дээ. Машины дугуй хагарсан бол чадах байсан ч өөрөө солих шаардлагагүй. Хажуугаар өнгөрөх машинд гар өргөөд үз. Тоо баримт ярьж, өөрийн зөвийг нотлолгүйгээр зүрх, сэтгэлээсээ ханд. 

Нөхөрт гарахын тулд – мундаг манлайлагч байх огт шаардлага үгүй. Эмэгтэй хүнээрээ л байхад хангалттай.