УИХ-ын 2020 оны сонгуульд оролцохоор 13 нам, 4 эвсэл, 137 бие даагч нэр дэвшигчийнхээ материалыг СЕХ-нд хүлээлгэн өгсөн. Нэр дэвшигчдийн материалыг хүлээж авах хуулийн хугацаа өчигдөр орой дууссан. СЕХ тэдний материалыг 5 хоногийн дотор хянан шалгаад, нэр дэвшүүлэх эсэхийг шийдвэрлэх юм.

Үүнтэй холбоотойгоор зарим иргэний нийгмийн байгууллага, Эрдэмтдийн зөвлөл нэгдэж, хууль шүүхийн байгууллагад шалгагдаж буй мөртлөө УИХ-ын сонгуульд нэрээ дэвшүүлсэн хүмүүст хэрэг нь шийдвэрлэгдтэл нэр дэвшигчийн үнэмлэхийг нь олгохгүй байхыг СЕХ-ноос шаардаж, шаардлага хүргүүллээ.

Энэ үеэрээ тэд "Нэр дэвшигчдийг УИХ-д сонгогдсоных нь дараа элдвээр хэлж шүүмжлэх биш, СЕХ тодорхой босго шалгуур тавьж, нэр дэвшигчийн мандатыг олго гэсэн шаардлагыг бид СЕХ-нд хүргүүлж байна.

Тодруулбал, хууль хяналтын байгууллагад шалгагдаж буй, тэр дундаа яллагдагчаар татагдан ажиллага явагдаж буй хүмүүст нэр дэвшигчийн үнэмлэхийг нь тухайн асуудлаа шийдэж дуустал нь өгөхгүй байх хэрэгтэй. Шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй байхад хэнийг ч гэм буруутайд тооцож болохгүй гэсэн суурь зарчмыг барьдаг. 

Гэхдээ Үндсэн хуульд эрхээс гадна үүргийг сануулсан заалт байдаг. Хууль шүүхийн өмнө хүн бүр тэгш эрхтэй байх ёстой. Хэн ч шүүхэд хөндлөнгөөс нөлөөлж болохгүй. Яллагдагч, шүүгдэгч нь нэр дэвшигчийн үнэмлэх авснаараа шүүн таслах ажиллагаа, байцаан шийтгэх ажиллага явуулахад хэт давуу байдал эдэлдэг. Нэр дэвшигчийн үнэмлэх авсан хэнийг ч баривчлах, саатуулах ажиллагаа хийгдэх нь тодорхой цензуртэй болдог. Иймд УИХ-ын сонгуульд нэрээ дэвшүүлсэн яллагдагч, шүүгч нарт нэр дэвшигчийн мандатыг олгохгүй байх шаардлага хүргүүлж байна.

Хэрвээ шаардлагыг хүлээж авахгүй бол хорио цээр цуцлагдсаны дараа эсэргүүцлийн дараагийн арга хэмжээ болох жагсаал цуглааны хэлбэрийг сонгоно" хэмээлээ.