С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэгт буруутгагдан ял эдэлж буй Т.Чимгээгийн ах, нөхөр, өмгөөлөөгч С.Оюунцэцэг нар өнөөдөр Улсын ерөнхий прокурорын газрын удирдлагуудтай уулзлаа.

Уулзалтын дараа Т.Чимгээгийн өмгөөлөгч С.Оюунцэцэг "Улсын ерөнхий прокурорын газраас дүгнэлт гаргаж, тус дүгнэлтээ Улсын Дээд шүүхэд хүргүүлвэл шинээр илэрсэн байдлаар хэргийг хянах боломж гарч байна. Иймээс дүгнэлт гаргаж өгөөч гэсэн хүсэлтийг өмгөөлөгч нар Улсын ерөнхий прокурорын газарт тавьсан. Тус дүгнэлтийг хурдан гаргаж өгөөч гэж өнөөдөр хандлаа. Миний үйлчлүүлэгч дөрвөн жил гаруйн хугацаанд хоригдож байна. Эрх ашиг нь маш ноцтой зөрчигдөж буй учир энэ асуудлыг шийдэж өгөөч гэсэн хүсэлт тавьж уулзлаа. 

Улсын ерөнхий прокуророос "Асуудлыг хянаж, шалгаж байгаа. Ямар нэгэн байдлаар шийдэж өгнө. Өргөдөл, хүсэлтэд хариу өгөх хуулийн хугацаа бий. Энэ хугацаандаа шалгаж байгаа" гэж байна. Тиймээс би хэргийг нааштай шийдэх боломж гарч ирж байна гэж бодож байгаа. Гүйцэтгэх ажлын шугамаар хэрэг нь баримтаар нотлогдсон гэж үзэж манай үйлчлүүлэгчийг яллаж байгаа. Тиймээс ямар үйлдлээр, баримтаар бидний үйлчлүүлэгчийн гэм буруутай нь нотлогдоод буй юм бэ гэдгийг харъя гэж өмнө нь хүсэлт тавьсан. Эх сурвалж нууц учир үзүүлэх боломжгүй гэж байсан. 

Гурван шатны шүүхийн шийдвэр гарсны дараа эрүүдэн шүүсэн бичлэг ил боллоо. Мөн Ц.Амгаланбаатар надад 500 сая төгрөг амалсан, гадаад явах паспорт бэлэн болсон гэсэн учир би энэ хүмүүсийг гүтгэсэн гэдгээ өөрөө мэдэгдлээ. Тиймээс эдгээр шалтгаан нь шинээр илэрсэн нөхцөл байдлын үндэслэл болно гэж үзэж хүсэлт тавьсан" хэмээн мэдээлэл өглөө.