Зам, тээврийн хөгжлийн яамны гадаа өнгөрсөн пүрэв гарагт хүн нас барсан харамсалтай хэрэг гарсан. Урьдчилсан байдлаар тус яамны газрын дарга нар архи ууснаас тус хэрэг болсон нь тогтоогдоод буй бөгөөд хэргийг үйлдсэн гэх яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбалыг 30 хоног цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргажээ.

Шүүхийн шийдвэр:

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас гаргасан Бадамын Махбалыг яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг 2018 оны 08 дугаарсарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцээд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 2, 14.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон Б.Махбалыг энэ сарын 10-ны өдрөөс эхлэн яллагдагчаар 1 /нэг/ сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.