МОСКВА. /TASS/. Өнөөдөр буюу 2019 оны тавдугаар сарын 9-ны өдөр Аугаа Эх орны дайнд ЗХУ Нацист Германыг ялсны 74 жилийн ойг тохиолдуулан ОХУ-ын нийслэл Москва хотын Улаан талбайд цэргийн жагсаал зохион байгуулж байна.


Анхны жагсаал

Ялалтын баярын анхны жагсаал Москва хотын Улаан талбайд 1945 оны зургадугаар сарын 24-нд болж байв. Уг жагсаалыг ЗХУ-ын Маршал Константин Рокоссовский командалж, ЗХУ-ын Маршал Георгий Жуков хянажээ. Жагсаалд арван хоёр хороо цэрэг оролцсон бөгөөд тэдгээр хороог дурдвал, дайны төгсгөлд фронтод үйл ажиллагаа явуулж байсан арван хороо, Тэнгисийн цэргийн нэг хороо, Батлан хамгаалах Ардын комисарын газраас нэг хороо оролцжээ.

Хороо тус бүр нэг мянган цэрэгтэй байсны дунд ЗХУ-ын баатрууд, Эр зоригийн одонтой дайчид багтаж байжээ. Фронт, армийн командлагчид хороодоо командлан алхсан байна.

Ялалтын баярын жагсаалд мөн бөмбөрчдийн хороо, Москвагийн Гарнизоны нэгжүүд, 1400 оркестр хөгжимчин оролцжээ. Уг жагсаалд 40 мянган цэргийн албан хаагч, 1850 ширхэг цэргийн техник төхөөрөмж оролцсон байна. Үүний зэрэгцээ ялагдсан Герман цэргүүдийн тухай зурагт хуудас, 200 туг далбааг Лениний бунхны доод хэсэг рүү шиджээ.


1965 оны жагсаал

1946, 1947 оны тавдугаар сарын 9-нд ЗСБНХУ-д баярын өдөр болгон тэмдэглэсэн боловч жагсаал зохион байгуулаагүй юм. 1948-1965 онд Ялалтын баярыг албан ёсоор тэмдэглээгүй байна. Харин 1965 онд Ялалтын баярын 20 жилийн ойг улс даяар үндэсний баяр болгон дахин тэмдэглэжээ. Тухайн оны тавдугаар сарын 9-нд Аугаа Эх орны дайны хоёр дахь жагсаалыг зохион байгуулжээ. Жагсаалын үеэр Ялалтын талаарх зурагт хуудсыг Улаан талбай дээгүүр анх удаа барьж явжээ. Уг зурагт хуудсыг ЗХУ-ын баатар, хурандаа Константин Самсонов барьсан ба түүний хамт ЗХУ-ын баатрууд болох түрүүч Михаил Егоров, ахлах түрүүч Мелитон Кантария туг өргөж явжээ. Энэхүү жагсаалд Москвагийн Гарнизоны нэгжүүд, цэргийн институтуудын сонсогч нар оролцсон байна. Жагсаалд оролцогчдын гуравны нэг нь Аугаа Эх орны дайны ахмад дайчид байжээ.


1985, 1990 оны жагсаал

Ялалтын баярын дараагийн жагсаал 1985 оны тавдугаар сарын 9-нд болжээ. Цэргийн албан хаагчид, цэргийн орчин үеийн техник төхөөрөмжүүдээс гадна ахмад дайчдын цуваа Дэлхийн хоёрдугаар дайны үеийн техник төхөөрөмжүүдтэйгээр (T-34-85 танк, СУ-100  өөрөө явагч их буу, БM-13 "Катюша" зэрэг галладаг тийрэлтэт систем) оролцжээ. Жагсаалд оролцсон цэргийн албан хаагчид Аугаа Эх орны дайны үеийн дүрэмт хувцсаа өмссөн байжээ.

Таван жилийн дараа буюу 1990 оны тавдугаар сарын 9-нд болсон жагсаалаар 1941-1945 оны Аугаа Эх орны дайны үеийн цэргийн техник төхөөрмжүүдийг үзүүлсэн байна.


Хуягт танк болон онгоцны нислэгүүдийг жагсаалд дахин оролцуулж эхлэв

2008 оны тавдугаар сарын 9-нөөс эхлэн цэргийн жагсаалын үеэр Улаан талбай дээгүүр хүнд хуягт танкийг явуулж эхэлсэн байна. Үүний зэрэгцээ Улаан талбайн дээгүүр нислэг үйлдэх нь жагсаалын салшгүй нэгэн хэсэг болов. Тухайн өдөр нийслэл хотын дээгүүр 32 онгоц нисэж байжээ. Онгоцны тоо 2009 онд 69, 2010 онд 127 болж нэмэгдэв. 


2018 оны жагсаал

ЗХУ Нацист Германыг  ялсны 73 жилийн ойн баярын цэргийн жагсаалд 13 мянган цэргийн албан хаагч, 150 нэгж цэргийн техник оролцсон байна. Цэргийн жагсаалын үеэр анх удаа “Уран-6” мина устгах роботын цогцолбор, “Уран-9” олон талт роботын цогцолбор, “Корсар”, “Катран” зэрэг нисгэгчгүй нисэх аппаратуудыг оролцуулжээ. Үүнээс гадна “Тайфун-К”, “Патруль”, “Тигр” хуягт автомашинууд оролцсон байна. Энэхүү жагсаалыг ОХУ-ын хуурай замын явган цэргийн Ерөнхий командлагч хурандаа генерал Олег Салюков удирдаж, ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу хянажээ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг