Хамгийн өндөр үр дүнд хүрэхийн тулд өрсөлдөгчөөсөө бага зэрэг илүү байхад л хангалттай


Нэгэн удаа 1800-аад оны сүүлчээр Вильфредо Парето гэгч эр ургацын талбай дээрээ ажиллаж байгаад жижигхэн боловч тун сонирхолтой нээлт хийжээ. Тэрээр тарьсан вандуйны хэсэгхэн үрээс хамгийн их ургац хураасан байсныг ажигласан байна. Парето тоонд дуртай, эдийн засагч мэргэжилтэй хүн байв. Түүний бүтээл хожим нь эдийн засгийг тоо, баримт дээр суурилсан шинжлэх ухаан болгон хувиргасан байна. Тухайн үеийн эдийн засагчдаас ялгаатай нь Паретогийн ном, бичиг баримтууд тэр чигтээ тэгшитгэлээр дүүрсэн байв. Ургацын талбай дээр ажигласан зүйл нь түүний тархийг ажиллуулж эхэлжээ. Энэ тэгш бус хуваарилалт бусад салбарт ч мөн адил ажиглагддаг болов уу?


Паретогийн зарчим 

Парето ийнхүү олон улс орны эд баялаг, орлогын хуваарилалтыг судалж эхэлжээ. Итали гаралтай байсан тул түүний судлахаар сонгосон анхны улс нь Итали байв. Итали улсын газар нутгийн 80%-ийг иргэдийн 20% нь эзэмшиж байсан нь түүний гайхшралыг төрүүлсэн байна. Яг л түүний тарьсан вандуйтай адил эд баялгийн олонхийг цөөнх эзэмшиж байв. Парето судалгаагаа бусад улсад үргэлжлүүлэн хийхэд мөн адил хэв маяг ажиглагдаж байлаа. Тухайлбал, Их Британи улсын татварын тайлангаас үзэхэд Англичуудын 30% нь улсын нийт орлогын 70%-ийг бүрдүүлж байжээ. Судалгаагаа үргэлжлүүлэн хийхэд тоонууд нь өөр өөр байсан ч хуваарилалт болон зүй тогтол ижил байв. Орлогын ихэнхийг хүн амын цөөнх хувь олдог аж. Гаргасан хүчин чармайлтын багахан хэсэг эцсийн үр дүнгийн ихэнх хэсгийг бий болгоно. Энэ бол Паретогийн зарчим буюу 80/20-ийн дүрэм юм.  


Тэгш бус хуваарилалт хаа сайгүй байдаг 

Дараагийн 10 жилийн турш Паретогийн үзэл санаа эдийн засагчдын хувьд бараг л Библи нь болж хувирав. Паретогийн олж илрүүлсэн энэ зүй тогтлыг хүмүүс хаа сайгүй ажиглах болжээ. 80/20-ийн дүрэм одоо үед хамгийн их дэлгэрээд байгаа юм. Тухайлбал, Үндэсний сагсан бөмбөгийн холбооны (NBA) 2015-2016 оны улирлын тоглолтуудын 75,3%-д багуудын 20% нь ялалт байгуулжээ. Үүнээс гадна “Бостон Селтикс” болон “Лос-Анжелес Лейкерс” гэсэн хоёр баг NBA-ийн түүхэн дахь аварга шалгаруулах тэмцээний тоглолтуудын тэн хагаст нь хожсон байдаг. Яг л Паретогийн вандуйны ургацтай адил багуудын цөөнх ихэнх хожлыг авсан байна. Энэ зүй тогтол хөл бөмбөгийн тоглолтууд дээр илүү тод харагддаг. Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 77 улс орны багууд оролцдог боловч Бразил, Герман, Итали зэрэг гурван улс 20 удаагийн тэмцээний 13-т нь ялалт байгуулж байсан. Паретогийн зарчим үл хөдлөх хөрөнгийн салбараас эхлэн технологийн старт-ап хүртэл бүхий л салбарт үйлчилдгийн жишээ олон байна. 1950 онд Гватемал улсын иргэдийн 3% нь нийт газар нутгийн 70% эзэмшдэг байсан. 

2013 онд дэлхийн хүн амын 8,4% нь нийт эд баялгийн 83,3%-ийг хянаж байв. 2015 онд Google хайлтын систем дангаараа хэрэглэгчдийн хийсэн хайлтын 64%-д үйлчилжээ.  Яагаад ийм зүй тогтол ажиглагдаад байна вэ? Яагаад зарим хүмүүс, баг хамт олон, байгууллагууд амьдрал дээр шагнал, урамшууллын ихэнх хэсгийг хүртээд байна вэ? Эдгээр асуултад хариулахын тулд байгалийн жишээг авч үзье.



Хуримтлалын хүч 

Амазонкийн жунгли бол дэлхий дээрх хамгийн олон төрөл зүйл бүхий эко тогтолцоотой газар юм. Судлаачид Амазонд 16 000 төрлийн мод байдгийг олж тогтоожээ. Гэсэн хэдий ч гипердоминант буюу давамгайлагч 227 төрөл зүйлийн мод нийт ой модны тал хэсгийг эзлэн ургажээ. Өөрөөр хэлбэл модны төрөл зүйлийн 1,4% нь  Амазонд ургадаг ой модны 50%-ийг эзэлдэг гэсэн үг. 


Яагаад юм бол? 

Хоёр ургамал зэрэгцэн ургаж байна гээд төсөөлөөд үзээрэй. Тэд өдөр бүр нарны гэрэл, шим тэжээлт хөрсний төлөө өрсөлдөнө. Нэг нь нөгөөгөөсөө илүү хурдан ургах юм бол илүү өндөр болж, илүү их нарны гэрэл авч, илүү олон борооны дуслыг өөртөө шингээж чадна. Харин дараагийн өдөр олж авсан энэ нэмэлт эрч хүч нь тухайн ургамлыг илүү өндөрт ургуулах болно. Ингэж явсаар илүү хүчтэй ургамал нь нөгөөгөө шахан гаргаж, нарны гэрэл, хөрс, шим тэжээлт бодисын ихэнх хэсгийг өөртөө авч шингээнэ. Ийнхүү ашигтай байрлал эзэлсэн ургамал чанартай үр цацаж, өсөж үржих боломжтой болсноор дараагийн үе удам нь улам өргөн дэлгэр урган цэцэглэдэг аж. Энэ үйл явц ахин дахин давтагдсаар анх багахан илүү чадвартай байсан ургамал ой модондоо давамгайлан ургах болно. Эрдэмтэд үүнийг “хуримтлагдах давуу тал” гэж нэрлэдэг. Анх бага хэмжээнд байсан давуу тал цаг хугацаа өнгөрөх тусам илүү их болдог. Багахан давуу талтай байсан тэр ургамал хожим бүхэл бүтэн ой модыг эзэлж чадлаа шүү дээ. 


“Ялагч бүгдийг авна”

Иймэрхүү зүйл амьдрал дээр олон тохиолддог биз? Ой модонд ургах ургамал моддын адилаар хүмүүс ч гэсэн нэгэн ижил эд баялгийн төлөө өрсөлддөг. Улс төрчид сонгогчдын саналын төлөө, зохиолчид бестселлер номны жагсаалтад эхний байрыг эзлэхийн төлөө, тамирчид цор ганц байдаг алтан медалийн төлөө, компаниуд хэрэглэгчдийг татахын төлөө, харин телевизийн нэвтрүүлгүүд үзэгчдийн хандалтын төлөө өдөр бүр өрсөлддөг. 


Эцсийн үр дүнгийн хооронд гарах зөрүү маш бага, бүр хутганы ир шиг нимгэн байж болно. Гэхдээ ялагч л бүхнийг авна. Усанд сэлэлтийн хоёр эмэгтэй тамирчин Олимпийн наадамд өрсөлдөж байна гэж бодъё. Нэг нь нөгөөгөөсөө 1/100 секундээр хурдан барианд ирэв зөвхөн тэр тамирчин л алтан медалийг энгэртээ зүүх болно. Хэрэглэгчийн төлөө арван компани өрсөлдөхөд зөвхөн нэг нь л ялж төслөө авна. Та өрсөлдөгчөөсөө багахан илүү байхад л шагнал тэр чигээрээ таных болно. Магадгүй та шинэ ажилд орох хүсэлтээ өгсөн гэж үзье. Нэг орон тоонд хоёр зуу гаруй ажил горилогч өрсөлдөнө. Гэхдээ та тэднээс багахан зүйлээр илүү байж чадвал та тэр ажлыг авч чадна. Зөвхөн бага хэмжээний үр бүтээл, ур чадварын ялгаа эцэст нь асар их хэмжээний үр шим авч ирдэг энэ нөхцөл байдлыг “ялагч бүгдийг авна” гэсэн зүйрлэлээр илэрхийлдэг. 

Гэхдээ амьдрал дээр бүх зүйл энэ зарчмаар явдаггүй. Учир нь салбар бүр хязгаарлагдмал нөөцөөс хамааралтай байдаг.  Цаг хугацаа эсвэл мөнгө гэх мэт хязгаарлагдмал нөөцийг ашиглахтай холбоотой шийдвэр бүрийн эцэст “ялагч л бүгдийг авна”. Өрсөлдөгчөөсөө арай илүү байж чадвал та дээрх нөхцөл байдал үүсэхэд асар их хэмжээний эд баялгийг олж авна. 


Та 1%-р л илүү байж болно. Эсвэл 1 секундээр хурдан, 1$-аар илүү чадамжтай. Гэхдээ үр дүнд нь та 100% ялалт байгуулна. Ганцхан хувь илүү байж чадсанаар та 1%-ийн ашиг олох биш ашгийг бүхлээр нь авна. Бусад нь юу ч авч чадахгүй. 



“Ялагч бүгдийг авна” зарчмаас “Ялагч ихэнхийг нь авна” гэсэн зарчим руу 

Зарим тэмцээн өрсөлдөөн дээр “Ялагч ихэнхийг нь авна” гэсэн зарчим үйлчилдэг. Алтан медаль авч чадсан, их хэмжээний мөнгө олж чадсан эсвэл өндөр албан тушаал дээр очиж чадсан гэх мэт ашигтай байрлал эзэлсэн ялагч дараагийн удаа ялахын тулд давуу талаа хуримтлуулж эхэлнэ. Анх бага хэмжээний давуу тал байсан бол дараагийн удаа энэ нь 80/20 гэсэн зарчимруу тэмүүлж эхэлнэ. 

Нэг зам хажуугийн замаа бодвол арай илүү тухтай байвал хүмүүс тэрүүгээр л явах болно. Тэр замыг дагаад аж үйлдвэр хөгжиж эхэлнэ. Аж үйлдвэрлэл хөгжсөн цагт хүмүүс ганцхан тэр замыг ашиглах улам их шалтгаантай болох юм. Нийт хөдөлгөөний 80% нь замуудын 20% дээр явагдана гэсэн үг. Нэг бизнес өрсөлдөгчөө бодвол илүү шинэлэг, инноваци шингэсэн технологитой байвал хүмүүс тэр компанийн бүтээгдэхүүнийг илүү их худалдан авах болно. Улмаар тухайн компани илүү их мөнгө олж, олсон мөнгөөрөө дэвшилтэт технологид хөрөнгө оруулах, ажилчдын цалинг нэмэх, илүү чадварлаг боловсон хүчин авч ажиллуулах боломжтой болох юм. Өрсөлдөгчид нь тухайн компанийн түвшинд хүрэх цагт хэрэглэгчид дассан байх ба анхны компаниасаа л худалдан авалт хийдэг хэвээрээ байх болно. Удалгүй тухайн компани салбартаа тэргүүлж, давамгайлж эхэлнэ. 

Хэрэв нэг зохиолчийн бичсэн ном бестселлер болж чадсан бол хэвлэлийн газрууд тэр зохиолчийн дараагийн номыг хэвлэх сонирхол ихтэй байх болно. Дараагийн номоо гаргахдаа зохиолч илүү их хөрөнгө зарцуулж, маркетинг хийх тул хоёр дахь удаагаа бестселлер номын жагсаалтад орох магадлал өндөр болно. Ийм учир яагаад зөвхөн хэдхэн ном сая сая хувь борлогддог, харин бусад номын борлуулалт хэдэн мянгад ч хүрдэггүйг та ойлгож байгаа биз? Сайн болоод агуу хоёрын хоорондын ялгаа бидний бодсоноос бага байдаг. Анх багахан давуу тал байсан зүйл дараа дараагийн өрсөлдөөн дээрээс илүү хүчирхэг болж хувирна. 

Нэг өрсөлдөөнд ялахад дараагийн тэмцээнд ялах магадлалыг нэмэгдүүлнэ. Давсан даваа бүр ялагчийн зиндаа, байдлыг улам бататгана. Ингэж явсаар багахан илүү тал ашгийн ихэнх хувийг авч, дутуу тал юу ч үгүй хоцордог. 


1%-ийн дүрэм 

Үр бүтээмжтэй байдалд гарах бага зэргийн ялгаа тогтмол хугацаанд давтагдах үед тэгш бус хуваарилалтад хүргэдэг. Ийм учир дадал зуршил маш чухал байдаг. Аливаа зүйлийг зөв дараалалтай хийж чаддаг хувь хүн, албан байгууллага давуу талаа хадгалж үлдэх, цаг хугацааны эрхэнд ашиг хуримтлуулах боломжтой. Та өрсөлдөгчөөсөө багахан илүү байхад хангалттай ч тэр давуу талаа хадгалж үлдэж чадвал, үйл явц ахин дахин давтагдсанаар ялалтад хүрч чадна. Ялагч бүхнийг авдаг тул ялалт бүр танд асар их баялгийг авч ирэх юм. Үүнийг 1%-ийн дүрэм гэж нэрлэдэг. 1%-ийн давуу талаа хадгалж чадвал энэ нь хуримтлагдсаар томоохон давуу тал бий болно. Хоёр дахин их үр дүнд хүрэхийн тулд та өрсөлдөгчөөсөө хоёр дахин илүү байх шаардлагагүй. Бага зэрэг илүү байхад л болно. 




3556