Мал эмнэлгийн хүрээлэнгийн Эм, хор судлалын лабораторийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, академич, шинжлэх ухааны доктор, профессор Я.Ганболдтой ярилцлаа.

Бид энэ удаа малд тарьсан эм, бэлдмэлийн үлдэгдэл хүний эрүүл мэндэд учруулах хор хөнөөл болон цаашид уг асуудлыг хэрхэн зохицуулах ёстой талаар яриа өрнүүлсэн юм.

-Ер нь малд ямар эм, бэлдмэл голдуу хэрэглэдэг вэ?

-Мал, амьтны халдварт өвчнөөс сэргийлэх зорилгоор янз бүрийн үйлдэлтэй, хэд хэдэн ангиллын эм болон бэлдмэлүүдийг хэрэглэж байна. Тухайлбал олон нэр, төрлийн вакцинууд, паразитын эсрэг үйлчилгээтэй эм, бэлдмэлүүд болон халдваргүй өвчнийг эмчлэх, тэдгээрээс сэргийлэх зорилгоор фармакологийн үйлдэлтэй эм хэрэглэдэг

Сүүлийн үед үржлийн аж ахуйнуудад малын ороо оруулах, ороо жигдрүүлэх үйлчилгээтэй  гормоны эм бэлдмэлүүд хэрэглэдэг болсон. 

Зарим мах, махан бүтээгдэхүүн бэлтгэдэг аж ахуйнуудад  олон төрлийн, янз бүрийн найрлагатай нэмэлт тэжээлүүдийг ашигладаг. Гэхдээ бэлдмэл тус бүрд анхаарах зүйл бий. Жишээ нь нэмэлт тэжээлүүд гэхэд антибиотик болон гормоны найрлагатай. Тийм учраас спортын, эсвэл ачаа уналганд ашигладаг малд хэрэглэж болно. Харин хүнсний зориулалттай малд болгоомжтой хэрэглэх ёстой. Тийм учраас “Мал амьтны эрүүл мэндийн тухай” хуульд тэжээлийн нэмэлтийг бүртгэх, хянах журмыг батлан хэрэгжүүлэхээр заасан. 

Малын эмийг зориулалтаар нь хэрэглэх нь хамгийн чухал асуудал байгаа юм. Манай нөхцөлд, ялангуяа малчдын дунд эмийг мал эмнэлгийн бус байгууллагаас худалдан авч, малын эмчийн зөвшөөрөлгүй, зааварчилгаагүй хэрэглэх явдал газар авсан нууц бишИнгэснээр мэргэжлийн байгууллага, мэргэжилтэн нь тухайн эмийн сөрөг, гаж нөлөөг илрүүлэх, бүртгэх, тэдгээрээс сэрэмжлэх, зөв хэрэглэх тогтолцоо алдагдаж, маш их хүндрэл учруулж байна.  


-Малд тарьсан эм, бэлдмэлийн үлдэгдэл хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй юу?

-Малд хэрэглэсэн эмийн бодис малын биеэс бүрэн гадагшлаагүй байхад нь хүнсэнд хэрэглэснээр тухайн эмийн үлдэгдэл хүнсний бүтээгдэхүүнээр дамжин хүний эрүүл мэндэд эрсдэл учруулах аюултай.

Энд эмийн үлдэгдэл гэдэгт биед шимэгдээгүй тухайн эмийн үйлчлэгч бодис, малын биед бодис солилцооны явцад үүссэн бодис, эмчилгээний зориулалтаар биш, өөр замаар биед орсон бодисууд гэх мэт зүйлс хамаардгийг анхаарах ёстой. 

Эм, химийн бодисууд нь мал, амьтны бие махбодид ороод гол төлөв дотор эрхтнүүд, булчин мах, яс, өөхөнд хуримтлагдан, өөрийн шинж чанар, үйлчилгээгээ хадгалдаг.  Ийм учраас эмийн үлдэгдэл илэрсэн л бол хүнсэнд хэрэглэхийг хориглоно.

Эдгээр бодисууд нь мал, амьтанд нянгийн тэсвэрт чанарыг нэмэгдүүлэх, дотоод шүүрлийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулах,аль нэг эрхтэнд хавдар үүсгэх, аливаа зүйлд хэт мэдрэг болгох (харшил), ужиг хордлого бий болгох зэрэг сөрөг болон гаж нөлөө үзүүлнэ.  

Жишээ болгон хэлэхэд, ивомекийн төрлийн 40 орчим бэлдмэлүүд Монгол Улсын мал эмнэлэгт хэрэглэгдэж байна. Эдгээр эм бүгд хэрэглэх заавар, санамжтай. Гэвч энэ бэлдмэлийг малчид өөрсдөө маш буруу хэрэглэж ирсэн. 

Ерөөсөө ивомекийг малын хосгүй сайн бэлдмэл гээд ойлгочихсон. Тийм учраас малын эмчид ханддаггүй. 

Өөрсдөө зах дээрээс худалдаж аваад л малдаа тарьчихдаг. Уг нь өвчин үүсгэж байгаа паразитын биологитой нь холбож хэрэглэх ёстой. Гэтэл манай малчид жилийн дөрвөн улиралд малдаа хэрэглэж байна. Тэр байтугай паразитын өвчний үед ч биш,  мал нь халуурах юм уу, бага зэрэг зовуурлангуут л хэрэглэчихдэг. 

Ивомекийн найрлагад байгаа бодис нь яс, бөөр, өөх, булчин мах, элгэнд хуримтлагддаг. Хуримтлагдах дээд хэмжээ гэж бий. Манай төв лабораторид хийсэн шинжилгээний сүүлийн 5-6 жилийн дүнг аваад үзэхэд малд илэрч буй ивомекийн үлдэгдэл бодисын хэмжээ хэд дахин их гарч байна. 

Ивомекийн үлдэгдэл гээд байгаа бодис нь мах, сүүгээр дамжин хүний биед орсноор сөрөг нөлөө үзүүлдэг гэдэг нь батлагдчихсан. Ялангуяа жирэмсэн эмэгтэйчүүдэд ургийн гажиг үүсгэдэг бол хүүхдийн санах ойг сааруулдаг зэрэг олон сөрөг нөлөөтэй.

Цаашлаад хүний мэдрэлийн тогтолцоо дарангуйлагдаж, цусны найрлага өөрчлөгдөн хорт хавдар үүсэх ч аюултай. Тийм учраас малын биеэс гадагшлах хооронд тухайн малын сүүг хүнсэнд хэрэглэх, төхөөрч махыг нь худалдаалахыг хориглодог. Гэтэл манайхан бараг урд өдөр нь ивомек тарьчихаад маргааш нядалгаанд оруулчихаад байгаа нь нууц биш.

-Тэгвэл малын маханд үлдсэн антибиотик ямар үр дагавартай вэ?

-Ерөөсөө дэлхий дахины том асуудал бол антибиотикийг зөв хэрэглэх явдал болчихлоо шүү дээ. Малд хэрэглэсэн антибиотик хуримтлагдаж, эсвэл үлдэж, малаас авч буй хүнсний бүтээгдэхүүнээр дамжин хүнд очиж байна. 

Нэг үеэ бодвол эмийн сангаар дамжуулан антибиотикийг жороор олгож байгаа нь сайн хэрэг. Гэхдээ монголчууд бид антибиотикийг замбараагүй хэрэглээнээсээ салаагүй байна. Ингээд эмчилгээнд хэрэглэсэн тун, хүнснээс илүүдлээр авсан тун 2 нийлэхээр хүний биед хуримтлал үүсч, зохисгүй хэрэглээ бий болдог. Мэдээж тухайн антибиотикт тэсвэртэй болсноор хүнийг халдварт өвчин үүсгэгч нянгаас сэргийлэх боломжгүй болно. Энэ асуудал дэлхий дахинаа гамшигийн хэмжээнд хүрчихлээ.

Дэлхийн ЭМБ-ын мэдээлснээр ийм замаар антибиотикт дасал үүсч жилд 700 мянган хүн амь насаа алдаж байна. Иймээс мал эмнэлгийн антибиотикийн хэрэглээг зохистой болгож, жороор олгох журам хэрэгжихээр болсон. Гэхдээ дан ганц мал эмнэлгийн буруу хэрэглээнээс үүсч байна гэж ойлгож болохгүй. Учир нь хүмүүс ханиадны үед антибиотикийг эмчийн зааврын дагуу хэрэглэж сурах нь чухал. Мөн мэдрэг чанараа үзүүлж, өөрийн өвчний үед тохирох антибиотикоо зөв сонгох ёстой. 


-Малд хэрэглэдэг гормоны тарилгууд хүнд сөргөөр нөлөөлөх боломжтой юу?

-Гормонуудыг хэрэглэх үед төл малын өсөлтийн хурд нь энгийн амьтантай харьцуулахад 20 хүртэл хувь нэмэгддэг. Тийм болохоор малчид хэрэглээд байгаа юм. Кленбутерол зэрэг гормонуудыг махны чиглэлийн үхэрт өөхний агууламжийг багасгах, мөн тэжээлийн нэмэгдлийн найрлагад оруулан хэрэглэж байна. 

Мал эмнэлгийн ерөнхий газраас малын тэжээлийн нэмэгдлийг бүртгэх журмыг боловсруулан хэрэгжүүлэхээр зэхэж байна. Энэ журмыг хэрэгжүүлснээр гадаад, дотоодод үйлдвэрлэж байгаа малын тэжээлийн найрлагад байх гормоны хэрэглээг хянах юм. Гадаад орнуудын мэдээллээс үзэхэд нялх төлийн өсөлтийг хурдасгах зорилгоор Рактопаминыг хэрэглэдэг юм билээ. Гэтэл энэ төрлийн гормон хүний зүрх, судасны тогтолцоонд сөрөг нөлөө үзүүлдэг.

Гормон хэрэглэсэн малын махыг идсэнээр түрүү булчирхай, хөхний хавдар үүсэх эрсдэл өндөр байдаг гэдгийг анхаарах ёстой.  Нэг жишээ дурьдахад тахианы маханд гормон маш их хэмжээгээр агуулагддагаас болж эрэгтэй хүнд сөргөөр нөлөөлж, “эмэгтэйлэг болж байна” гэж ярьдаг шүү дээ. Тийм учраас заримыг нь малд хэрэглэх эм, бэлдмэлийн жагсаалтаас хасах ёстой.

 

-Малын сүүг хөөрүүлэхэд нян нь устдаг. Тэгвэл чанаж болгох үед маханд үлдсэн эдгээр эм, бэлдмэлүүд устаж алга болох уу?

-Энд л гол асуудал байгаа юм. Эмийн үлдэгдэлтэй хүнсний бүтээгдэхүүнийг чанаж болгох, эсвэл дулааны болон физикийн арга хэрэглэн саармагжуулна гэж байхгүй. Ингэснээр харин ч дахин задраад өөр хортой бодис үүсэж идсэн хүний биед хортой бодисын нэгдэл, хуримтлал үүсгэдэг. Ийм учраас махны экспорт дээр хориг тавьдаг гол шалтгаан нь энэ. 

Хэрвээ гаднаас мэргэжлийн эксперт ирээд манайд нарийн аргаар шинжлээд үзвэл үлдэгдэл үүсгэдэг эм, бэлдмэл хэрэглэсэн малын маханд тодорхой хэмжээгээр илрэх магадлал өндөр байна. 

Ер нь мал эмнэлгийн эмийн бүртгэлийг сайтар нягтлан эргэн харж зарим эмийг хэрэглээнээс хасах асуудлыг ч хэрэгжүүлэх ёстой юм. Сүүлийн жилүүдэд эмийн бүртгэлийг замбараагүй хөтлөж, тооны хойноос хөөцөлдөж, 1000 эмтэй болно гэж хөөрцөглөн, биологийн өргөн туршилт хийхгүйгээр зөвхөн эмийн чанарын үзүүлэлтээр бүртгэж байсан нь бас л нэг том алдаа болсон. Үүнийг мал эмнэлгийн ерөнхий газраас засч залруулах ажлыг эхэлсэн боловч, дорвитой үр дүнд хүрэхгүй явна. Малчид, мал бүхий иргэд органик мал аж ахуйн зарчмаар ажиллаж, эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх шаардлагатай байна.


-Эмийн үлдэгдэл болон вакцины хэрэглээг хэрхэн зохицуулдаг вэ?

-Ер нь бол эмийн үлдэгдэл болоод вакцины хэрэглээний гэсэн хоёр асуудлыг ялгаж ойлгох хэрэгтэй. Аль 2017 онд эдгээр асуудлуудыг шийдвэрлэж эхлэхээр Эрүүл мэндийн болон Хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн сайдуудын хамтарсан тушаалаар Монгол улсад нянгийн тэсвэржилтээс сэргийлэх төлөвлөгөө боловсруулаад, 2020 онд хэрэгжүүлж дуусгахаар батлагдсан юм. 

Мөн эмийн үлдэгдлийн үндэсний хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг “Мал, амьтны эрүүл мэндийн тухай” хуулинд тусгай заалт болгон оруулж батлуулаад (2018 он) эрх зүйн орчин бий болгосон юм. Гэвч ХАА-н салбарт энэ төлөвлөгөө болон хөтөлбөрөөс өнөөдрийг хүртэл томоохон, үр дүнтэй ажлыг хийлгүй өдий хүрлээ. Тийм учраас баталгаа, нотолгоотой мэдээлэл гаргаж чадахгүй байна. 

Энэ хугацаанд, Мал Эмнэлгийн Ерөнхий Газар байгуулагдаагүй (2018 он) байхад эмийн асуудал хариуцаж байсан ХХААХҮЯамны дарга, мэргэжилтнүүд нэг ч гэсэн дорвитой ажил хийгээгүй нь үнэхээр харамсалтай. ДЭМБ, Дэлхийн Мал, Амьтны Эрүүл Мэндийн Байгууллагын аль аль нь ямар нэгэн халдварт өвчнөөс вакцин хийж байж сэргийлнэ гэдэг дээр тогтчихсон, дэлхий нийтээр үүнийг хүлээн зөвшөөрсөн. Гэтэл вакцин хэрэглэж болохгүй, вакцинаар мөнгө олж байна гэх мэтээр сөрөг, үндэслэлгүй, нотолгоогүй мэдээлэл гаргаад байх юм.


-Тэгвэл манай улсад малын вакциныг хэт хавтайруулаад байна гэж ярьдаг, үнэн үү?

-Энэ тал дээр санал нийлнэ. Манайд вакциныг хэт хавтгайруулж, эпидемиологийн үндэслэл муутай, компаничлах байдлаар хэрэглээд тал бий. Жишээ нь Дорнод аймгийн Баянтүмэн суманд малын гоц халдварт өвчин гарлаа гэж бодъё. Тэгвэл тухайн газар нутгийн өвчлөмтгий, сэжигтэй, эсвэл халдвар авсан байх эрсдэлтэй мал, сүргийг хамруулан, голомтын, сэжигтэй болон эрүүл бүс гэж ангилаад эрүүл бүсээс эхлэн хумих тактикаар вакцин хийх ёстой. 

Гэтэл манайд Баянтүмэн суманд гарсан л бол зэргэлдээ болон хил залгаа сумдын бүх малыг бүгдийг нь вакцинжуулчихдаг. Энэ нь тэр нутгийн мал, сүрэгт халдвар тархах эрсдэлгүй байхад нь шаардлагагүй арга хэмжээ авч байгаа хэрэг. 

Мэдээж үүнийг дагаад хэдэн тэрбумаар хэмжигдэх зардал гарна, мөн хүнсний зориулалтын малын түүхий эдэд вакцины үлдэгдэл хуримтлагдах, улмаар малын эмчийн хяналтаас гарч аажмаар илрэх тохиолдол байхыг үгүйсгэхгүй. Харин дээр заасан хөтөлбөрийг хэрэгжүүлж эмийн үлдэгдлийн асуудлыг цэгцлэх, хэрвээ илэрч байгаа бол баталгаажуулах ажлыг хэрэгжүүлэх ёстой юм. 

Тэгэхээр вакциныг хэрэглэх ёстой ч, ямар орчин нөхцөлд, хэзээ, хаана, ямар шалтгаанаар гэдэг дээр нарийн судалгааны үр дүн, үндэслэлтэйгээр арга хэмжээг авч хэрэгжүүлэх ёстой.  


-Эдгээр эм бэлдмэл Монгол малын удмын санд ямар нөлөө үзүүлэх вэ?

-Малын удмын сан гэдэг өөрөө өргөн хүрээтэй, цогц ойлголт шүү дээ. Олон янзын шалгуур үзүүлэлтээр үнэлэх хэрэгтэй. Энд зөвхөн эмийн нөлөөг л бид ярьж болох юм. Мал эмнэлгийн байгууллага 20-иод жилийн өмнө гаднаас орж ирж байгаа болон дотооддоо үйлдвэрлэдэг эм, бэлдмэл тэр дундаа био бэлдмэлийг (вакцинууд) удаан хугацаагаар тусгай ажлын хэсэг туршиж, сорьж шалгасны дараа хэрэглэх, эсэхийг шийддэг, заавар, зөвлөмжийг нь боловсруулдаг байлаа. 

Гэтэл энэ тогтолцоо 1998 оноос алдагдсан нь үнэн. Чадвартай, мэдлэгтэй, дадлагатай, мэргэшлийн боловсон хүчнүүдийг шахаж, салбарын удирдах албанд мэргэжлийн бус хүмүүсийг  томилон буруу бодлогоор, буруу замаар, буруу хэрэглээгээр явж ирсэн нь мал эмнэлэгт, тэр дундаа эмийн асуудалд томоохон ухралт авч ирсэн нь даанч харамсалтай. Гэсэн хэдий ч хэн ч хариуцлага хүлээдэггүй, харин ч дэвшээд,  салбар хохироод үлдэж байгаа нь бүр гайхалтай. 

Ойролцоо жишээ гэвэл, Дорноговь аймгийн Улаанбадрах суманд гэхэд уран (эм биш) олборлосноос болж гажиг хөгжилтэй төл гарлаа гэж нэлээн яригдсан. 

Бид малын, төлийн гажиг хөгжлийн асуудлаар 21 аймгийн малын эмч, малчдыг хамруулсан түүвэр судалгаа хийлээ. Гэтэл уран олборлоогүй бусад аймгуудад ч гэсэн мал, төлийн гажиг эмгэгийн тохиолдол нилээд бүртгэгдэж байна. Эндээс харахад малын биед илрэх гаж хөгжил буюу генийн өөрчлөлт бүхий эмгэг байна гэж үзэж болно. Гэхдээ шалтгаан, эмийн нөлөө эсвэл байгаль орчны нөлөө магадгүй тухайн малын онцлогоос шалтгаалсан эсэхийг батлаж хэлэх нотолгоо хараахан алга. 

 

-Тэгвэл малын махан дахь эмийн үлдэгдлийг ямар аргаар хянаж байгаа вэ?

-Малын эмийн үлдэгдлийг сумын мал эмнэлэг, нядалгааны газар, эсвэл мах, сүүний үйлдвэрт анхлан илрүүлэх сорилын аргууд байна. Эдгээр нь ямар нэгэн эмийн үлдэгдэл байна гэдгийг хэлээд өгнө. 

Мөн аймаг, нийслэлийн мал эмнэлгийн лабораториуд, хүнсний үйлдвэрүүд тухайн үлдэгдэл үүсгэсэн эм нь ямар төрлийн, аль ангиллын, ямар эм байна гэдгийг ELISA, PCR  зэрэг аргуудаар нэг бүрчлэн тодорхойлж болно. Дашрамд дурдахад, Орхон аймгийн Засаг дарга төсөв гарган, малын их эмч н.Уртнаст энэ чиглэлээр ажиллаж, туршлагажиж байгаа сайхан жишээ бий. 

Энэ чиглэлийн шинжилгээ манай УМЭАЦ-ийн Төв Лабораторид хийгдэж эхлэсэн. Мал эмнэлгийн ерөнхий газраас “Мал эмнэлгийн эргэн мэдээлэх, мөшгин тандах цахим систем”-ийг 2019 оноос нэвтрүүлж, маш амжилттай хэрэгжиж байна. 

Ингэснээр малын мах эмийн үлдэгдэлгүйгээр иргэдэд очих боломж бүрдэнэ. Орчин үед технологиор мөшгөөд хаанаас, хэний, ямар малд, эсвэл малын ямар түүхий эдэд  ямар эмийн үлдэгдэл илрэв гээд олчихдог болсон учраас малчин илүү хариуцлагатай байх шаардлага тулж байна 

 

-Та саяхан Хятадад болсон томоохон үзэсгэлэнд оролцож, гэрээ байгуулаад ирсэн гэсэн. Олзуурхмаар зүйл нь юу байна?

-Хөх хотод гэхэд органик аж ахуйн чиглэлийн томоохон шинжлэх ухаан, технологийн парктай. Тэнд тариалж буй ургамал, ногоог ямар ч бордоо хэрэглэхгүйгээр ургуулдаг. Хонь малдаа ч химийн гаралтай эм, бэлдмэл огт хэрэглэхгүйгээр үржүүлдэг юм байна. Манай улс органик хүнсний тухай хууль тогтоомжоо баталчихсан. 

Угаасаа ч органик гэдэг нь бидний хувьд шинээр бүтээх ажил биш шүү дээ. Гол нь зохион байгуулалтад оруулах л асуудал бий. 

Жишээ нь Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутагт нэг үүлдрийн гэхэд тусгайлсан органик бүс гээд хонио элдэв химийн гаралтай эм тарианаас татгалзаад өсгөх боломж бүрэн байна. Үүнийг салбарын яам төдийгүй бусад яамд ч анхаарч, хамтраад органик чиглэлээр гарсан бодлогоо хэрэгжүүлж болно. Мөн түүнээс гарч байгаа органик түүхий эдийг олон улсын зах зээлд нийлүүлмээр байгаа юм. Зөвхөн Монгол Улсын төдийгүй хоёр хөршийнхөө хэрэгцээнд тохирсон бүтээгдэхүүн, түүнд тохирсон технологийг гаргаж авахад анхаарах цаг нь болсон. Бид аль болох л өөрийн түүхий эдээ боловсруулах ёстой. Гэхдээ боловсруулах гэхээр нүсэр том үйлдвэрийг бодолгүй, аль болох хамтрах, кластер маягаар ажиллаж, үйл ажиллагаагаа нэгтгэх нь  зах зээлд гарах боломж гэж харж байна.

Бидний хувьд, Өвөр монголын ХААИС, түүний дэргэдэх “Хишиг арвин” компани болон өөрсдийн байгуулсан “Гарааны рецептор” ХХК-ний хамтын ажиллагааны хүрээнд махны үхэр үржүүлэх, тэдгээрээс органик технологид суурилсан байгалийн цэвэр түүхий эд бэлтгэх, боловсруулах чиглэлээр хамтран ажиллаж эхлүүлсэн. 

Одоогоор Монгол үхэр, хонины элэгнээс L-carnitn ялган авч, эмийн бэлдмэлийн технологи боловсруулан эмчилгээний практикт нэвтрүүлэх чиглэлээр  2 улсын эрдэмтдийн хамтарсан багийн боловсруулсан төслийг хэрэгжүүлж эхлэхээр тохиролцон, гэрээ байгуулж, холбогдох газруудад саналаа хүргүүлээд байна.