МОСКВА. /RIA Novosti/. Мэдээлэл цуглуулах, боловсруулах тусгай хэв маягийг агуулсан, дэлхийд тэргүүлэх мэдээллийн цахим хуудсуудын нэг болох “Business Insider” яг одоо худалдан авах боломжтой шилдэг 20 ухаалаг утасны жагсаалтыг танилцуулжээ.

Жагсаалтын нэгдүгээрт, “OnePlus 6T” ухаалаг утас орсон байна. Уг ухаалаг утсанд утасгүй цэнэглэгч эсвэл ус нэвтэрдэггүй гэх зэрэг хамгийн орчин үеийн технологиуд байхгүй боловч үнэ болон үйлдлийн системүүдийнх нь үйл ажиллагааг харгалзан үзвэл жагсаалтын нэгдүгээрт орох бүрэн эрхтэй гэдгийг тус цахим хуудсын шинжээчид онцлон тэмдэглэжээ.

Хоёрдугаарт, “Samsung” компанийн “Galaxy S10e” ухаалаг утас бичигджээ. Уг төхөөрөмж нь маш сайн камер, “маш гайхалтай” дэлгэцтэй, мөн үнийн хувьд боломжийн гэдгийг онцолсон байна. “Business Insider”-ийнхан жагсаалтын гуравдугаарт, “iPhone XR”-ыг оруулжээ. “iPhone XR” нь “Apple”-ийн хуучин загварын ухаалаг утсуудыг бодвол харьцангуй хямд үнэтэй, худалдаж авахад илүү ашигтай гэж үзэж байгаа аж. Жагсаалтын дөрөв, тавдугаарт, “Samsung Galaxy S10 Plus” болон “S10” орсон байна.

Дээр дурдсан загваруудаас гадна, “Google Pixel 3” болон “Pixel 3 XL”, “Samsung Galaxy Note 9”, “iPhone XS” болон “iPhone XS Max”, “Samsung Galaxy S9 Plus” болон “iPhone X” эхний аравт багтжээ.


Эх сурвалж: Монцамэ агентлаг