Шинэ коронавирустэй холбоотой асуудлаар Эрүүл мэндийн яам өнөөдөр мэдээлэл хийлээ.

Энэ үеэр ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал "Өнөөдрийн байдлаар тусгаарлах байранд 2310 хүн ажиглалтад байна. Эдгэрсэн хоёр иргэнийг тусгаарлалтын байранд шилжүүлэн үргэлжлүүлэн ажиглалтад авсан. Тэдэнд 307 эмч, мэргэжилтэн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна. 

Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд 94070 жирэмсэн эмэгтэй, тав хүртэлх насны 383557 хүүхэд, 65-аас дээш насны 135789 иргэн, хөгжлийн бэрхшээлтэй 106536 иргэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хяналтад нэн шаардлагатай тусламж үйлчилгээ аваад байж байна.

Тусгаарлах байранд 43 жирэмсэн эмэгтэй, тав хүртэлх насны 56 хүүхэд, артерийн дараллт ихтэй 110, чихрийн шижинтэй 33, гэмтэл авсан 7 зэрэг хүмүүс байна. Энэ бүгдэд тусгаарлах байранд ажиллаж буй эмч нар тусламж үзүүлж байна. Шаардлагатай тохиолдолд лавлагаа төвүүдээс төрөлжсөн мэргэжлийн эмч нар очиж, эмнэлгийн тусламж үзүүлж байгаа" гэлээ.

Мөн тэрээр "Тусгаарлалтад байгаа иргэдээс гомдол, санал, хүсэлт ирж байна. Агуулгаар нь үзэхэд ихэнх нь өрөө жижиг байна, хоол амтгүй, нохойны хоол өгч байна, Цэргийн төв эмнэлэг болон ХӨСҮТ-д хэвтэхгүй Эх нялхас, Өргөө амаржих газарт очмоор байна гэх зэрэг шаардлагууд байна. 

Мөн эмчийн өмнөөс варентай талх шидэж, мөөгтэй хоол идэхгүй гэж уйлж байна, хоорондоо хэрэлдээд зодолдож байна. Ийм байдал гаргамааргүй байна. Коронавируст халдвар бол цар тахал, аюултай гэдгийг дэлхий нийт зарласан. 

Иргэд маань бодох хэрэгтэй. Өнөөдөр онгоцоор иргэдээ татаад авч буй цөөн улсын нэг нь Монгол. Тэднийгээ авчраад буудалд тусгаарлаж буй улс бүр байхгүй. Монгол чадаж байна. Амны хаалтаа зүүгээгүй хүмүүсийг ташуурдаж буй улс орнуудыг нийгмийн сүлжээгээр харж байгаа байх. Манай эрүүл мэндийн салбар, төрийн байгууллагууд зөвлөж байна. Иргэн та үүнийг биелүүлэх үүрэгтэй. 

Эмчээрээ хоол зөөлгөөд, эмчийнхээ өөдөөс хоолоо шидэж буй улс мөн манайхаас өөр байхгүй. Ийм хариуцлагагүй байж болохгүй. Тусгаарлах байранд буй хүмүүст дэлхийн эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагад урилгаар, зөвлөхөөр ажилладаг, энхийг сахиулахад Монгол Улсын армийг ахлаад явж байсан эмнэлгийн мэргэжилтэн, эмч, хурандаа нар үйлчилж байгаа.

Хэн нэгнийг уурлахаар, уйлахаар тусгаарлах байранд байх хугацааг нь богиносгочихдог юм биш. Энэ  бол зөвхөн таныг хамгаалахаас гадна гэр бүл, хайртай хүмүүсийг чинь, Монгол Улсын бүх иргэнийг хамгаалж буй үүрэгт ажил. 

Дараагийн тусгай үүргийн онгоцонд суух гэж буй иргэд үүнийг сайн бодож шийдвэрээ гаргаасай гэж хүсэж байна. Хэрвээ та шийдвэрээ гаргаад онгоцонд суух юм бол энд ирээд иргэний үүргээ биелүүлэх шаардлагатайг хариуцлагатайгаар сануулъя" хэмээлээ.