Санхүүгийн асуудлаа зохицуулах болохоор л би өөрийнхөө юу хийгээд байгааг ойлгодоггүй

Би одоогийнх шигээ ийм хэмжээний мөнгө олж/хадгалж/үрээд байх эрхгүй

Би хэсэг хугацааны дараа цогцлоож байгаа бүхнээ сүйтгээд хаяхаа мэдэж байна

Энэ төрлийн бодлууд намайг банкны аппликейшнээ нээх, кредит оноогоо шалгах бүрт ээрдэг. Би хэдий боломжийн ажил эрхэлдэг ч миний ажил болоод орлогодоо итгэх итгэл хоёр тэс өөр зүйл байдаг. Гэвч энэ төрлийн мэдрэмж авч, өөрийн санхүүгийн зохицуулалтын тал дээр итгэлгүй байх нь зөвхөн миний мэдэрч байгаа зүйл биш ажээ.

Карьер замнал болоод нийгмийн хамаарлын тухай ярихад миллениал үеийнхний ихэнх нь “хууран мэхлэгчийн синдром”-ын тухай дуулсан байдаг. Энэ нь яадаг синдром бэ гэвэл өөрийн хүчээр олж авсан амжилтад эргэлзэж, ямар нэг залилан үйлдчихсэн юм шиг санагдах синдром юм.

Түүнчлэн цар тахлын үед санхүүгийн асуудлаа шийдэж чадсан болоод чадаагүй хүмүүсийн хооронд маш том зөрүү үүссэн нь уг синдромоор эмгэгших нэг томоохон нөхцөл нь болжээ. Учир юу гэвэл хэдий цар тахал гарсан ч өөрийн хэмжээнд, өөрийн хүчээр хангалттай сайн орлого олж байсан буюу ажилгүйдэл, санхүүгийн хямралд өртөөгүй миллениалуудын хувьд олсон орлогодоо эргэлзэх, үнэхээр төдий хэмжээний орлого олох эрхтэй байв уу үгүй юу гэдгээ асуухад хүргэж байгаа гэнэ.

Уг синдром нь монголчуудын хувьд танил ойлголт биш. Харин америкчуудын хувьд хавьгүй нийтлэг тохиодог синдром бөгөөд судалгаагаар хүмүүсийнх 82 хувь нь амьдралынхаа аль нэг үед өөрийгөө хууран мэхлэгч мэтээр мэдэрч байсан гэсэн үр дүн гарчээ. Мөн энэ синдром эмэгтэйчүүд, нийгмийн цөөнх бүлгүүдийн хүрээнд хамгийн их илэрдэг байна.

Гэхдээ тус синдромын утгагүй зүйл нь юу гэвэл энэ нь үнэнийг нууж байдаг гэнэ. Энэ юу гэсэн үг вэ гэвэл хүний өөрийн хүчээр хүрсэн амжилтыг үгүйсгэж, өөрт нь эргэлзүүлж байдаг юм. Жишээлбэл, өнгөт арьстан эмэгтэй өөрийн хэмжээнд санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн үед өөртөө эргэлзэх нь илүү хүчтэй байдаг ажээ. 

Учир нь түүнд ердийн ажлаа л хийгээд тийм хэмжээний санхүүгийн эрх чөлөөнд хүрч болно гэж үлгэрлэх хүмүүс ховор байсан тул хэдий өөрийнхөө зөв зүйл хийж, ариун хөдөлмөрөөрөө санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн гэж мэдэж байсан ч ямар нэг луйвар хийчихсэн юм шиг мэдрэх нь нийтлэг гэнэ. 

Түүнчлэн зарим нь тийм их хэмжээний мөнгө олж, хуримтлуулсандаа уучлал гуйж, өөрийгөө санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн гэж тодорхойлохоос ч татгалздаг байна.

Энэ төрлийн синдромтой хүмүүс ихэвчлэн “Бидэнд зүгээр л аз таарлаа. Бидэнд анхнаасаа нөхцөл боломж нь байсан учраас л ийм хэмжээний амжилтад хүрлээ” гэх бодол төрдөг бөгөөд яг үнэндээ төдий хэмжээний амжилт гаргахаар боловсрол, мэдлэг, чадвартай байсан гэдгээ хүлээн зөвшөөрөхөд нь саад болж байдаг юм.

Тиймээс хэрэв танд тус төрлийн синдром, өөрийн олсон орлоготоо эргэлзэх хандлага ажиглагддаг бол өдийг хүртэл өөрийн юу туулж, ямар хэмжээний хичээл зүтгэлээр өнөөгийн та бий болсон бэ гэдгийг санаж, энэ бол ердөө л нэг хуурмаг үзэгдэл бүхий синдром гэдгийг мэдэх хэрэгтэй юм шүү.


Эх сурвалж: The Wall street Journal