ВАШИНГТОН. /AP/. Японы автомашин үйлдвэрлэгч “Nissan” компанийн тэргүүн асан Карлос Гоны Японоос зугтах төлөвлөгөөг олон сарын турш нарийн боловсруулсан байсан гэж Америкийн “Wall Street Journal” өдөр тутмын сонинд /WSJ/ мэдээлжээ.

Санхүүгийн хууль тогтоомжийг зөрчсөн хэрэгт холбогдсон К.Гоныг барьцаагаар суллагдсан хугацаандаа Японы хилийг хууль бусаар давсан хэмээн үзэж байгаа бөгөөд тэрбээр өнгөрсөн даваа гарагт Ливанд очсон юм. 

WSJ” сонинд эх сурвалжуудын мэдээллийг иш татан уламжилснаар, К.Гоныг зугтаалгах төлөвлөгөөг өөр өөр улс орны 10-15 хүний бүрэлдэхүүн бүхий баг боловсруулсан аж. Төлөвлөгөөг боловсруулагчид Японд 20 гаруй удаа ирж, 10 орчим нисэх буудлыг үзсэн байна. 

“Кансай” олон улсын нисэх онгоцны буудлын хувийн нисэх онгоцны зогсоол ямар нэгэн нислэг ирээгүй үед хоосон байдаг бөгөөд уг нисэх буудлын рентген төхөөрөмжид том ачаа багтах боломжгүй байсан гэж уг багийн нэгэн гишүүн мэдээлжээ. 

“К.Гон өнгөрсөн 12 дугаар сарын сүүлээр буюу түүнийг шүүх ажиллагаа олон жилийн турш үргэлжлэх төлөвтэй байгаад үндэслэн Японоос явах эцсийн шийдвэрээ гаргасан” гэж “WSJ” сонины мэдээнд дурдсан байна. Nissan” компанийн тэргүүн асны Ливан дахь өмгөөлөгчийн хэлснээр, К.Гон лхагва гарагт Бейрут хотод хэвлэлийн бага хурал хийх аж. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг