Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын  ОХУ-ын Төрийн тэргүүн В.Путинд санал болгосон “Халхын гол” кино төсөл дэмжигдсэн талаар lenfilm.ru сайт мэдээлжээ.

Тус төслийг ОХУ-ын Ленфильм студи хэрэгжүүлэхээр болсон бөгөөд хойд хөршөөс ерөнхий продюсерээр Э.Пичугин, зохиолчоор С.Снежкин, түүхийн зөвлөхөөр К.Могилевский, цэргийн зөвлөхөөр В.Буздыган зэрэг уран бүтээлч дээрх кино төсөлд ажиллахаар сонгогдсон байна.

Энэ тухай Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Б.Дэлгэрмаа:

“Бидний хувьд Халх голын дайн тусгаар тогтнолоо хадгалсан түүхэн үйл явдал. Халх голынх шиг сүр хүчтэй агаарын тулаан дэлхийн дайны түүхэнд байдаггүй юм билээ. Бараг 1000 орчим онгоц оролцсон гэдэг. Халх голын дайнд Оросын тал, Японы ч тал хамгийн шилдэг техник хэрэгслээ туршсан. Монголын арми, Улаан арми хамтын хүчээр ялалт байгуулснаар Дэлхийн II дайны зургийг өөрчилсөн гэж үздэг" хэмээн ярьжээ.

Халх голын тулалдааны 80 жилийн ой энэ онд тохиох бөгөөд түүхэн ойг Монгол Улс, ОХУ-тай хамтран тэмдэглэх юм.