ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин гэрийн тэжээвэр амьтдад харгис хэрцгий хандах хандлагыг зогсоож, тэдгээр амьтдын эзний мөрдөх дүрэм журмыг тусгасан хуулийн төсөлд гарын үсэг зуржээ. 

Энэхүү хуулийн төслийг ОХУ-ын парламентын доод танхим буюу Төрийн Дум анх 2010 онд санаачилснаас хойш найман жилийн дараа ийнхүү баталж байгаа нь энэ юм. Уг хууль нь амьтдад хариуцлагатай, ёс зүйтэй, хүнлэг байдлаар хандах хандлагыг бий болгох зорилготойгоос гадна гэрийн тэжээвэр амьтдыг тэжээх, асран халамжлах үндсэн зарчмуудыг тусгажээ.

Энэ хууль нь тэжээвэр амьтдыг харгислалаас хэрхэн хамгаалах вэ? гэсэн хэм хэмжээг тогтоож өгч байгаагаараа онцлог юм. Үүнээс гадна амьтдад харгис хэрцгий хандах үзэл суртлыг устгаж, тэднийг үйлчилгээ болон соёл, зугаа цэнгэлийн арга хэмжээнд хэрхэн ашиглаж, оролцуулах зэрэг шаардлагыг тогтоож өгчээ.


Хориглолт ба хязгаарлалт

Шинэ хуулиар замын хөдөлгөөний бүс, орон сууц, нийтийн эзэмшлийн газрууд, амралт зугаалгын газар, тоглоомын талбай болон спортын талбайд тэжээвэр амьтдыг сул чөлөөтэй, хараа хяналтгүйгээр явуулахыг хоригложээ.

Мөн дээрх газруудад гэрийн тэжээвэр амьтдын үлдээсэн хог хаягдлыг эзэд нь цэвэрлэх үүрэгтэй аж. Харин хотын захиргааны эрх мэдэлтнүүд энэ хуулийн хүрээнд тусгай бүсүүдэд амьтдыг нэвтрүүлэхийг хориглох эрхтэй болсон байна.

Үүний зэрэгцээ алдагдсан амьтдыг олсон тохиолдолд камерт бичиж, тэдний талаарх мэдээллийг олон нийтэд мэдээлэх үүргийг хүн бүр хүлээх болжээ.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, TASS