ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нарын олон жилийн харилцаа холбоог харуулсан “Идэвхтэй арга хэмжээнүүд” баримтат кино энэ сарын 31-нд АНУ-д худалдаанд гарах аж. Энэ тухай “Variety” сэтгүүл мэдээлжээ.

Тус кинонд мөн АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Орос улс хөндлөнгөөс оролцсон гэх явдлын тухай өгүүлэх аж. "Д.Трамп хэдэн арван жилийн туршид В.Путины утсан хүүхэлдэй байсан" гэж тус киноны найруулагч Жек Брайн хэлжээ.

Түүнчлэн шинэ баримтат кинонд АНУ-ын сенат Жон Маккейн болон Д.Трампын сонгуулийн өрсөлдөгч Хиллари Клинтон, АНУ-аас ОХУ-д суугаа элчин сайд асан Майкл Макфол, бусад  улс төрч болон Америкийн тусгай албаны төлөөлөгчидтэй хийсэн ярилцлагуудаас хэсэгчлэн оруулжээ.

"Кино зураг авалтыг хийх үед бид В.Путин, Д.Трамп нарын талаархи дуулиан шуугиан тарьсан үйл явдлуудыг олно гэж бодож байсан хэдий ч эцсийн дүнд 100 жилийн туршид америкийн ардчилалд учруулсан томоохон заналхийллийг олж харсан юм” гэж Брайн ярьсан байна.




Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг