Владимир Путин 31 настай, бүжигчин, шинжлэх ухаанч охинтой гэж охиных нь бүжгийн хамтрагч мэдээлжээ. Гэвч удалгүй үүнийгээ няцаасан байна. Катерина Тихонова гэх бүсгүйн тухай мэдээлэл анх 2015 онд гарсан ч учир битүүлэг байдлаар алга болсон. Дэлхийн “Рок-н-ролл” холбооны дэд ерөнхийлөгч Манфред Мохаб бүжгийн ёслолын арга хэмжээний үеэр ам алджээ. 

Мохаб Reuters агентлагт өгсөн ярилцлагадаа “Би түүнийг Путины охин гэж мэдэж байсан. Тэр ойлгомжтой. Маргаангүй” гэсэн байна. Гэтэл энэ талаар нийтэлсний дараа Мохаб Reuters-той холбогдож “Би түүнийг ноён Путины охин нь мөн эсэхийг баталж чадахгүй. Надад угаасаа ямар ч хамаагүй” гэжээ. Хатагтай Тихонова, Кремлиэс хариу өгсөнгүй. 

Өмнө нь яагаад тэгж хэлснийг нь асуухад “Танхим маш чанга дуу чимээтэй байсан. Би зөв зүйтэй бодож чадахгүй, юу болоод байгааг ойлгохгүй байсан юм. Үнэн шүү. Би асуултад чинь буруу хариулсан бололтой” гэх хариу өгчээ. 

Оросын сэтгүүлч Олег Кашин Катерина Тихоновагийн талаар 2015 онд “Тэр эмэгтэй” буюу “Она” нэртэй сурвалжлагадаа бичсэн байна. Тэрбээр Катерина Путин, Катерина Тихонова гэдэг хоёр эмэгтэй үнэн хэрэгтээ нэг хүн гэж таамаглаж. Удалгүй нийтлэлийг устгуулжээ. 

Тухайн үед Ерөнхийлөгч Владимир Путин “Би ийм хүн танихгүй” хэмээснийг төлөөлөгч Дмитрий Песков нь мэдээлээд өнөөг хүртэл “Путины охин” гэх маш олон эмэгтэй бидэнд хандсан гэжээ.