Хятадад коронавирусын шинэ халдварыг мэдээлэхдээ ямагт эдгэсэн өвчтөний тооноос эхэлж дурдахын зэрэгцээ ариутгал халдваргүйжүүлэлт, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, хувь хүний хариуцлага хичнээн чухал болохыг ухуулж сэнхрүүлж байна. Мөн эл өвчинтэй тэмцэж байгаа баг бүрэлдэхүүнийг урамшуулж, тэдэнд талархах сэтгэлийг төрүүлэхийг чухалчилж буй.

Хотоороо гэртээ хөл хоригдож байгаа мөртөө нийгмийн эмх замбараагүйтэл огт байхгүй, зорчигчгүй ч гэсэн нийтийн тээврийн хэрэгслүүд нь явдгаараа явж, дэлгүүр хоршоо, үйлчилгээний газрууд нь ажиллаж байна. Хүүхдүүдээ энэхүү халдвараас сэргийлэхийн тулд аль болох инээлгэх, урт хугацаагаар чанга инээлгэхийг зөвлөжээ.

Орон сууцны конторууд хорооллынхоо оршин суугчдын нарийвчилсан судалгааг гаргаж хүүхэд, хөгшидтэй айл өрхүүдийг улаан загалмайнхан тогтмол цагаар эргэж тусламж шаардлагатай эсэхийг лавлах хуваар гаргажээ.

Үүнээс гадна Хятадын засгийн газар гамшиг ослын яаралтай тусламжийн үед ажилладаг, тусгайлан бэлтгэгдсэн Үндэсний аврах багийг Үхань руу илгээх шийдвэр гаргалаа.


Эх сурвалж: CCTV  Б.Занданхүү