Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Д.Түмэндэмбэрэл тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад 2 дугаар сарын 25-наас 3 дугаар сарын 1-ний өдрүүдэд ажиллалаа.

Төлөөлөгчид ХХААХҮ-ийн сайдын тэргүүлдэг Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 16 дугаар хуралдаанаар тохиролцсон асуудлын мөрөөр Монгол Улсаас БНСВУ-д экспортлох гүн хөлдөөсөн хонь, ямаа, адуу болон үхрийн махны талаар яриа, хэлэлцээ хийлээ.

Мөн БНСВУ-ын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн дэд сайдтай хоёр талт уулзалт хийж, тус улсын Мал, амьтны эрүүл мэндийн газар болон Баталгаажуулалтын газрын техникийн хуралд оролцов. Уулзалт, хурлын үр дүнд БНСВУ-ын эрсдэлийн үнэлгээ хийх ажлын хэсэг Монгол Улсад ойрын хугацаанд ирж ажиллахаар болсон юм. 

Энэ үеэр “СП групп”, “Кофидек” зэрэг Япон, Европ, АНУ-ын зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлдэг үндэстэн дамнасан томоохон хүнсний үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, Вьетнам Улсаас олон улсын стандартын хангасан эрүүл, аюулгүй тахиа, далайн бүтээгдэхүүнийг Монгол Улсад нийлүүлэх талаар тохиролцсон юм.

Лаос Улсад ажиллах үеэрээ Монгол Улсаас хүмүүнлэгийн тусламжаар олгосон 1050 хонин сүрэг байршиж байгаа аж ахуйгаар зочилсон. Тухайн бүс нутагт өсгөн үржүүлэх ажлыг Лаос Улсын Батлан хамгаалах яам хариуцан, ХХААХҮЯ-наас томилсон малын эмч, мал зүйч мэргэжлийн заавар, зөвлөмж өгч ажиллаж байгаа бөгөөд одоогийн байдлаар 80 орчим төл мал хүлээн аваад байна.