Жил бүр олон мянган жуулчин Шаньдун мужийн “Weifang International Kites” наадамд оролцож, гайхалтай бас өнгөлөг цаасан шувуудыг харж, гайхан биширдэг байна. 1984 оноос хойш зохион байгуулж ирсэн уг арга хэмжээ нь Вайфанд жил бүрийн дөрөвдүгээр сард болдог. Долоо хоног үргэлжилдэг тус наадмын үеэр дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн оролцогчид өөрсдийн цаасан шувуудыг хөөргөдөг. 

36 дахь удаагийн “Weifang International Kites” наадам өнгөрсөн баасан гарагт болжээ. Тус наадамд 60 гаруй орны уран бүтээлчид оролсон бөгөөд тэдний хөөргөсөн 10.000 цаасан шувууны парадыг тус наадмыг зорин ирсэн 120.000 хүн үзэж, сонирхжээ. 


Нээлтийн ёслолын үеэр мянга мянган бүжигчид, акробатчид, бөмбөрчид хурсан олныг хөгжөөсөн байна. Мөн оройн гала арга хэмжээнд Хятадын дуучид ая дуугаа өргөжээ. Тус наадмын үеэр шилдэг цаасан шувуудыг шалгаруулах арга хэмжээ мөн явагддаг аж. 

Энэ жилийн арга хэмжээнд оролцсон цаасан шувууны дизайнд гахай, загас, шидэт дагина, өвгөн, алдартай хүүхэлдэйн баатрууд шинээр багтжээ.