УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнгөрсөн шөнө хуралдаж, УИХ-ын гишүүн Г.Солтан, Б.Ундармаа, Л.Энхболд, Д.Дамба-Очир нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанаар гишүүн тус бүрийн асуудлыг нэг бүрчлэн ярьж, санал хураалт явуулахад Байнгын хороодын гишүүдийн олонх нь дээрх гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг эсэргүүцсэн юм.

Үүний дараа шөнийн 03.00 цагаас УИХ-ын чуулганын нэгдсэн хуралдаан үргэлжлүүлэн Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн УИХ-ын дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцлээ.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл өчигдөр орой хуралдаж, тус хуулийн төслийг өчигдөртөө буюу 1 дүгээр сарын 10-ны дотор багтаан хэлэлцэн батлах зөвлөмж гаргасан юм.

Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийн танилцуулгыг Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд гишүүдэд танилцуулсан юм.

Гишүүд уг хуулийн төсөлтэй холбоотой зарим асуултуудыг хууль санаачлагчаас болон байнгын хорооноос асууж, үг хэллээ.

Ингээд Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийг дэмжих нь зүйтэй гэсэн байнгын хорооны саналаар санал хураахад хуралд оролцсон нийт 57 гишүүний 94,7 хувь нь дэмжлээ. Ингэснээр уг хуулийн төслийг дараагийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.

Чуулганы хуралдааныг дүрс бичлэгээр хүргэж байна.