Зүүн Хятадын нэгэн үйлдвэр нэг тэрбум жоомыг хоолны хаягдал боловсруулахад зориулан тэжээж байна. Шандонг мужийн Жинань хотод байрладаг уг үйлдвэр нь өдөрт 55 сая тонн хоолны хаягдал хүлээн авдаг аж. 

Сонирхуулахад дэлхий дахинд жилд 1.3 тэрбум тонн хоол хаягддаг гэсэн тооцоолол бий.

Шандонг Киаобиний эрхэлдэг тус Хөдөө Аж Ахуйн Технологийн компанид хоолны хаягдал үүрээр ирдэг байна. Ирсэн хоолны хаягдлыг нухаж холимог болгосны дараагаар хоолойгоор дамжуулан жоомнуудыг хооллодог аж.

Ингэж хоолны хаягдлыг жоомоор устгуулахаас гадна жоом нь хүнсний ногоог ургуулахад шаардлагатай дулааныг боловсруулахад тусалдаг байна. Мөн жоомыг үхсэний дараа тэднийг тээрэмдэж малын тэжээл болгодог аж.

Уг үйлдвэрийг үүсгэн байгуулагч Ли Янрон нь 6.300 кв талбайд уг үйлдвэрээ барихаасаа  өмнө эм үйлдвэрлэлийн компанид ажиллаж байжээ. Тэрээр охиныхоо үздэг хүүхэлдэйн киноноос тус үйлдвэрийг байгуулах санааг авчээ. Жоом нь хоолгүйгээр 90 хоног, усгүйгээр 40 хоног амьд байж чаддаг тэсвэртэй амьтан гэнэ.

Ли Янрон Шинхуа агентлагт ярилцлага өгөх үеэрээ “Хотод байрлах ресторануудын гал зуухны хог хаягдлыг хогийн цэгт авчирч газарт булдаг.  Эдгээр хаягдлыг зохицуулахын тулд жоомыг ашиглах санаа надад төрсөн” хэмээжээ. Тэрээр 2011 онд энэхүү бизнесээ эхлүүлсэн ба фермээ байгуулахын тулд 6 патент авч, 36 хүсэлт бөглөжээ. Энэ жилдээ багтааж дахин гурван үйлдвэр байгуулахаас гадна косметик болон эмийн үйлдвэрлэлд ашиглах боломжуудыг судалж байгаа тухайгаа хэлсэн байна.

Түүний тэжээж буй жоомнууд нь Америк гаралтай бөгөөд жоомны төрлөөс хамгийн том, хамгийн урт насладаг нь аж.

Хэрвээ хүн хийхийг хүсвэл шавжаар хүртэл бизнес хийх боломжтойг энэ жишээнээс харж болно хэмээн nextshark.com сайт нийтлэжээ. 

Эх сурвалж: nextshark.com