БНХАУ-ын Засгийн газрын 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төсөл”-ийн нээлтийн ёслол өнгөрсөн бямба гарагт болсон. 

Тус ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Барилга хот байгуулатын сайд Х.Баделхан, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, нийслэлийн Засаг дарга С.Батболд, БНХАУ-ын талаас тус улсын Гадаад хэргийн сайд Ван И, БНХАУ-ын Элчин сайд Шин Хаймин тэргүүтэй холбогдох албаны хүмүүс оролцсон юм.

Энэ үеэр БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И "Тус шинэ төв цэвэрлэх байгууламжийг ОУ-ын стандартад нийцсэн тоног төхөөрөмжөөр, хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт техник технологийн ололтийг шингээн байгуулж, Улаанбаатарын оршин суугчдын ая тухтай амьдрах орчин нөхцлийг бүрдүүлэхийн төлөө чармайх болно. Үүгээр зогсохгүй хотын орчныг сайжруулж, дэд бүтцийг хөгжүүлэхэд ч гар бие оролцоно" хэмээн хэлсэн билээ.

Харин Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ талаар цахим хуудаснаа "Ерөнхий сайдаар томилогдоод хамгийн түрүүнд очиж ажилласан газар бол төв цэвэрлэх байгууламж юм. Заавал шийдэх ёстой энэ ажлын техник эдийн засгийн тооцоог 10 сарын хугацаанд эцэслэж, санхүүжилтийг шийдлээ. 50 жил хуримтлагдсан лагтай, 15 жил маргалдсан энэ ажил одоо торох юмгүй боллоо. Иргэд маань эрүүл орчинд амьдарч, чандмань эрдэнэ болсон усаа бид тунгалаг байлгах ёстой.

Төв цэвэрлэх байгууламжийн асуудал бол Монгол улсын нийт хүн амын 50 хувьд хамаарах эрүүл мэндийн, байгаль орчинд тулгамдсан асуудал юм" хэмээн нийтлэжээ.


Шинэ төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орсноор Улаанбаатар хотын орчинд дэгдэх бохирын үнэрийг дарж, агаар, хөрс, усны бохирдлоос сэргийлэхээс гадна,  гэр хорооллыг барилгажуулахад шаардлагатай дэд бүтцийн нэг хэсгийг шийдэж, Туул голын бохирдлыг арилгах, ажлын байр нэмэгдүүлэх зэрэг  эерэг үр дүн дагуулах юм. Тус цэвэрлэх байгууламж нь бохир усыг хүлээн авч хими, механик, биологи, нэмэлт цэвэрлэгээний дамжлагуудаар цэвэршүүлэн гаргаж, лаг тунадасыг бүрэн боловсруулж бордоо болгон мөн эрчим хүч үйлдвэрлэх юм байна.