Японы загварын хувцасны компани Uniqlo нь Америкийн зураач Kaw-тай хамтарч, Хятадад хувцасны коллекц гаргасан нь худалдан авагчдийг сандралд оруулан, эмх замбараагүй байдал үүсгэснийг дараах дүрс бичлэгт харуулжээ. 


Өнгөрсөн даваа гарагт зуны коллекцыг дэлгүүрүүдээр зарж эхлэхэд хүмүүс хамгаалалтын бүсийг дайран орж, хувцасны манекен дахь хувцасыг тайлахаас гадна хүч түрэмгийлсэн үйлдэл гаргасан байна.

Онлайн худалдаа шөнө дунд эхэлсэн ба хувцас хормын дотор зарагдаж дууссан тухай мэдэгджээ. Орой нь #everybodykaws өргөтгөлтэй бичлэг Weibo-д гарсан даруй 140 сая хүн үзсэн рекорд тогтоожээ. Уг артистын талаар зарим хүн сонсож байгаагүй бөгөөд түүний уран бүтээлийг сонирхохоос илүүтэйгээр өрсөлдөөн нь хүмүүсийг татаж буй талаар интернет хэрэглэгчид сэтгэгдлээ илэрхийлсэн байна.

Нэгэн хэрэглэгч “Би энэ брэндэд хайртай бас КAWS-д дуртайдаа биш – Харин сандрал бас хүмүүстэй тэмцэлдэх нь надад таалагдаж байна” хэмээн сошиал хуудсаар мэдэгджээ.

Магадгүй та бүхэн KAWS-ийг мэддэггүй бол түүний жинхэнэ нэрийг Брайан Донэлли гэдэг бөгөөд уран бүтээл, баримлууд нь тодорхой дүрс, санааг харуулдгаараа алдартай аж. Баримал нь хэдэн инчээс аваад хэдэн метр хүртэл өндөртэй байх бөгөөд хөнгөн цагаан, зэс, шилэн эдлэл модон материалаас бүрддэг. 

Uniqlo нь энэхүү артисттай гурав дахь жилдээ хамтран ажиллаж байгаа ба коллекцод насанд хүрэгчдийн 12 төрлийн подволк, хүүхдийн 6 подволк, 3 төрлийн цүнх багтжээ. Тус бүр нь 14.32 долларын үнэтэй зарагддаг ч онлайны дахин худалдаагаар 90 хүртэлх доллараар зардаг тухай Глобал Таймс агентлаг мэдээлжээ.


 



Эх сурвалж: nextshark.com