“Дэлхийн мисс-2019”-д Монгол Улсаа төлөөлж, мисс Мандахын Цэвэлмаа оролцож байгаа билээ. Түүний талаархтанилцуулга бичлэг Youtube сувгаар цацагдаад байна. Тэрээр танилцуулга бичлэгтээ Монгол орныхоо үзэсгэлэнт байгаль, уламжлалт ёс жаяг, өөрийнхөө мэргэжлийн онцлог, авьяас чадвар зэргээ онцгойлон харуулахыг зорьсон байна.

М.Цэвэлмаа нь хүний их эмч мэргэжилтэй бөгөөд хүмүүнлэгийн ажлын хүрээнд “Эрүүл Монгол-Эрүүл дэлхий” төслийг санаачлан хэрэгжүүлсэн. Тухайлбал, элэг шилжүүлэн суулгах хагалгаанд нэг хүнийг оруулж, хандивын аян өрнүүлэн хагалгааны дараах бүхий л зардлыг төлсөн. Мөн элэгний В, С вирусээс урьдчилан сэргийлэх зорилгоор нийт 460 гаруй хүнийг вакцинд хамруулсан байна.

Гоо сайхны хамгийн том наадам гэгдэх “Дэлхийн мисс”-ийн 69 дэх удаагийн тэмцээнд М.Цэвэлмаа оролцож, дэлхийн 130 орны гоо бүсгүйчүүдтэй энэ 11-р сарын 20-ноос ирэх 12-р сарын 14-ныг хүртэл авьяас чадвараа сорих юм. Энэ жилийн Дэлхийн мисс тэмцээн нь Английн Лондон хотноо болох бөгөөд тэмцээний дүн арванхоёрдугаар сарын 14-ны өдөр гарна. 

Бичлэгийг эндээс үзнэ үү

Дэлхийн миссийн тэмцээн нь:

· Beauty with a purpose-сайн үйлсийн ажил,

· Talent- авъяас,

· Sports-спорт,

· Top model-топ модель,

· Multimedia award-олон нийтийн санал, Mobstar,

· Dances of the world-дэлхийн бүжиг,

· Head to head challenge-асуулт хариултын уралдаан гэсэн үндсэн долоон төрлөөр шалгаруулах юм.

Дэлхийн миссийн тэмцээн нь хамгийн өргөн хүрээг хамардаг бөгөөд хүмүүнлэгийн ажлыг голчлон үздэгээрээ бусад миссийн тэмцээнүүдээс онцлог юм.