Өчигдөр Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог хөнөөхийг завдсан хэрэг гарсны улмаас 7 хүн шархаджээ. Н.Мадуро бэртэж гэмтээгүй байна. Энэ тухай Венесуэлийн мэдээлэл, харилцаа холбооны сайд Хорхе Родригес мэдэгджээ.

Төрийн  тэргүүнийг тэсрэх бодис тээвэрлэсэн дрон ашиглан хөнөөхийг завджээ. Энэ үед Н.Мадуро Боливарын үндэсний гвард байгуулагдсаны 81 жилийн ойд зориулсан ёслолын ажиллагаанд үг хэлж байсан аж.

Энэ хэрэгт ерөнхийлөгч Н.Мадуро Колумбын Ерөнхийлөгч Хуан Мануэль Сантосыг буруутгаж байгаагаа ард түмэндээ хандан мэдэгджээ.  

Түүнчлэн тэрбээр ард түмэн, зэвсэгт хүчиндээ итгэдэг учраас хэрэг гарах үед харьцангуй тайван байсан гэж хэлсэн байна.  “Намайг бурхан хамгаалдаг учир би өнөөдөр эсэн мэнд байна гэж” Н.Мадуро ярьжээ.

Хүний аминд халдахыг завдсан зарим этгээдийг баривчлан саатуулсан бөгөөд энэ талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна.

“Намайг хөнөөхийг завдсан зарим этгээд АНУ-д оршин суудаг” хэмээн Венесуэлийн төрийн тэргүүний хэлснийг тус улсын Нэгдмэл социалист нам “Твиттер” хуудастаа иш татан тэмдэглэсэн байна. Намайг хөнөөхийг завдсан хэрэг гарсан хэдий ч Боливарын хувьсгалын үзэл санааны төлөө би тэмцсээр байх болно гэж Н.Мадуро мөн хэлсэн байна.



Эх сурвалж МОНЦАМЭ агентлаг