Мягмар гарагийн орой Венесуэлийн зүүн хойд эрэг дээр 7.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Одоогийн байдлаар хүний амь эрсдсэн тухай мэдээлэл байхгүй байгаа юм байна.

Венесуэлийн газар хөдлөлт судлах байгууллагын мэдээлснээр, дээрх газар хөдлөлт орон нутгийн цагаар 17:31 цагт Сукре мужийн Ягуарапаро хотын зүүн өмнөд хэсэгт болсон ажээ.

“Нуэва Эспарта, Монагас, Боливар, Дельта Амакуро, Арагуа ба Карабобо зэрэг мужуудаас гадна нийслэл Каракас зэрэг ойролцоох нутгуудад газар хөдлөлтийн чичиргээ мэдрэгдсэн” гэж тус улсын Дотоод хэргийн сайд Нестор Ревероль мэдээлсэн байна. “Одоогийн байдлаар хүний амь эрсдсэн тухай мэдээлэл ирээгүй байна. Ард иргэдийг тайван, хүлээцтэй байхыг уриалж байгаа” гэж Н.Ревероль сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа тэмдэглэжээ.

Хүчтэй чичиргээ нь мөн Тринидад Тобаго болон Колумбын нийслэл Богота хотод мэдрэгдсэн бөгөөд Богота хот дахь олон улсын нисэх буудлыг түр хаахад хүрсэн аж.

Дэлхийд болж буй газар хөдлөлтийг хянадаг АНУ-ын Геологийн судалгаанд мэдээлснээр, энэхүү газар хөдлөлт нь Венесуэльд 1900 оноос хойш болсон хамгийн хүчтэй газар хөдлөлт хэмээн тооцогдож байгаа юм байна.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг