Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурогийн Засгийн газар Венесуэл-Колумбийг холбодог гүүрийг хаасан тухай Колумбийн засаг захиргааны төлөөлөгчид мэдээлэв.

Гэрэл зургуудаас үзэхэд, Венесуэл болон Колумбийн Кукута хотыг холбодог “Тиендитас” гүүрний гурван зорчих хэсэгт нэг нефть тээвэрлэгч болон хоёр цэнхэр агуулах байрлуулсан байжээ.

Венесуэлийн сөрөг хүчний удирдагч, өөрийгөө тус улсын түр Ерөнхийлөгч хэмээн зарласан Хуан Гуайдо өнгөрсөн долоо хоногт хүмүүнлэгийн тусламж үзүүлэхийг олон улсад уриалж, нэвтрэх гурван цэгийг танилцуулсны нэг нь Кукута хот байсан юм.

Н.Мадурогийн хувьд олон улсын тусламжаас татгалзаж, “Бид гуйлгачид биш” хэмээн мэдэгдсэн билээ.

Колумбын Цагаачлал болон цагаачлалыг хянах яамны хэвлэлийн албаны төлөөлөгч Хуан Кайседогийн мэдээлснээр, Венесуэлийн цэргийн хүчнийхэн уг саадуудыг тавьж буй нь камеруудад бичигдсэн байжээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг