Бид АНУ-аас дипломат харилцаагаа тасалж байна гэж Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро мэдэгдээд, АНУ-ын дипломат төлөөлөгчдөд Венесуэлийг орхин явах 72 цагийн хугацаа өгсөн байна.

Венесуэлийн сөрөг хүчний гишүүд олонх болсон Үндэсний ассамблейн ерөнхийлөгч Хуан Гуайдо өөрийгөө түр Ерөнхийлөгчөөр зарлаж, АНУ-ын төрийн тэргүүн Дональд Трамп уг мэдэгдлийг нь дэмжсэний дараа Н.Мадуро дээрх мэдэгдлийг хийжээ.

Н.Мадурогийн Засгийн газрын удирдлагад байдаг Өмнөд Америкийн энэхүү оронд инфляцийн түвшин маш өндөр хэмжээнд хүрч, хоол тэжээл болон эм тарианы хомсдолын улмаас гурван сая гаруй хүн хөрш залгаа орнууд руу дүрвэсэн байна.

Д.Трамп лхагва гарагт мэдэгдэхдээ, Үндэсний ассамблей нь Венесуэлийн ард түмний сонгосон Засгийн газрын цор ганц хууль ёсны салбар байгууллага гэжээ. Мөн тэрбээр Х.Гуайдог түр Ерөнхийлөгчөөр хүлээн зөвшөөрөөд, энэ чиг шугамыг дагахыг бусад улс орнуудад уриалсан байна. Цаашид Венесуэлд ардчилсан ёсыг сэргээхэд АНУ-ын эдийн засаг, дипломат эрх мэдлийг үргэлжлүүлэн ашиглахаа мөн амлажээ.

Харин Н.Мадуро нийслэл Каракас хотод дэмжигчдэдээ хандан үг хэлэх үеэрээ, Д.Трамп Засгийн газрын эсрэг жагсаал цуглааныг зохион байгуулж, Венесуэлийн шинэ Ерөнхийлөгчийг нэрлэхийг оролдож байна гэж мэдэгджээ. Мөн тэрбээр энх тайван, ардчилсан ёсны төлөө тэмцэхээ амлаад, юунаас ч айхгүй гэдгээ илэрхийлсэн байна. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, Foxnews