Хятад улсад сахилгын баримтлах хэм хэмжээг зөрчсөн болон төрийн бодлогыг эсэргүүцсэн төрийн албан хаагч шийтгүүлэх учир тэд тус улсын хамгийн алдартай нийгмийн сүлжээ болох “WeChat” хуудсаар дамжуулан нийтлэл түгээхдээ болгоомжтой хандах ёстой хэмээн "Гунжэнь жибао" сонинд тэмдэглэжээ.

Тус сонины мэдээлснээр, Хятадад төрийн албан хаагчид “WeChat” нийгмийн сүлжээг ашиглахдаа хэд хэдэн зарчмыг баримтлах ёстой аж. Төрийн албан хаагчид бусад хэрэглэгчийн адил лайк дарж, нийтлэл түгээх, тайлбар бичих боломжтой хэдий ч ингэхдээ тэд улс төрийн зарчмын байр суурийг байнга баримтлах ёстой гэнэ.

“Засгийн газар, намын бодлогыг эсэргүүцсэн эсвэл худал агуулгатай мэдээллийг төрийн албан хаагчид цааш түгээж болохгүй бөгөөд нийтлэлийг түгээхээсэээ өмнө мэдээлэл баталгаатай эсэхэд итгэлтэй байх ёстой. Түүнчлэн мэдээлэл алдагдаж болзошгүй учир төрийн албан хаагчид ямар ч хэлбэрээр төрийн нууцыг задруулах хийгээд нууц мэдээллийг нийтлэх, өөрийн болон бүлгийн чат хаяг руу явуулах ёсгүй” хэмээн тус сонинд тэмдэглэсэн байна.

Мөн засгийн газар болон намын бодлогыг шүүмжлэх, бусад хүнд хор хөнөөл учруулж болзошгүй бичвэр болон зураг нийтлэх, олон нийтийн дэг журмыг үймүүлэх, ямар нэгэн сурталчилгаа явуулах, бараа бүтээгдэхүүн борлуулан, түгээж болохгүй бөгөөд эдгээр зарчмыг зөрчсөн хүнийг шийтгэж аж.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг