МОСКВА. /TASS/. “Financial Times” сонин пүрэв гарагийн дугаартаа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй хийсэн томоохон ярилцлагыг нийтэлжээ. Тэрбээр тус сонины ерөнхий редактор Лайонел Барбер болон Москва дахь товчооны дарга Генри Фояд ярилцлага өгсөн байна. 

Удахгүй эхлэх “Их 20”-ийн уулзалт, Бээжин-Вашингтоны худалдааны дайн, Трампын сонгуульд ялсан шалтгаан, төрийн залгамж холбоо болон ардчилал, Орос-Хятадын харилцааны эерэг өөрчлөлтүүд, Сирид явуулж буй ОХУ-ын ажиллагаа, С.Скрипалийг Их Британид хордуулсан хэргийг мөрдөн шалгах ажлын эргэн тойронд үүссэн нөхцөл байдал зэрэг сэдвийг хөндсөн түүний ярилцлагыг мөн Кремлийн цахим хуудсанд нийтэлсэн байна. 

В.Путин мөн Венесуэлийн талаар баримталж буй Вашингтоны бодлого, нефть үйлдвэрлэгчдийн хэлэлцээр дэлхийн зах зээлийн байдалд хэрхэн нөлөөлж байгаа талаар тайлбар өгч, Оросын эдийн засгийн хамгийн чухал зорилтыг хэлжээ.

Түүний ярилцлагаас дээрх анхаарал татсан сэдвүүдээс түүвэрлэн хүргэе.

• “Их 20”-ийн уулзалтад оролцогсод нийтлэг дүрэм журмыг боловсруулахаар төлөвлөж байгаа гэдгээ нотолно гэж ОХУ-ын Ерөнхийлөгч таамаглаж байна. Осакагийн дээд хэмжээний уулзалтын үеэр эргэлт хийсэн чухал шийдвэрүүдийг гаргахгүй гэж тэрбээр үзэж байна.

• ЗХУ улс задран унасан нь XX зууны геополитикийн томоохон сүйрэл байсан хэмээн хэлсэн үгэндээ тайлбар өгөхдөө, тэрбээр ЗСБНХУ задран унасан явдал бол юуны өмнө хүмүүнлэгийн утгаараа эмгэнэл байсан, учир нь 25 сая орос үндэстэн гэнэт гадаадын оршин суугч болсон гэв. 

• Залгамжлагчаа сонгохын тулд “ямар үйл явцыг” ашиглах вэ? гэдэг асуултад тэрбээр, энэ талаар “2000 оноос эхлээд үргэлж бодож байна”. “Би үүнийг элдэв маяг, хэтрүүлэггүй эсвэл элдэв гоё сайхан үггүйгээр хэлнэ, мэдээж эцсийн шийдвэрийг Оросын ард түмэн гаргах ёстой” гэжээ. Тэрбээр мөн Их Британийг бодвол ОХУ-д илүү их ардчилал бий гэдгийг онцлон хэлсэн байна. “Мэдээж хэрэг энэ нь танай Их Британид байдаг шиг биш. Манай улс бол ардчилсан улс” гэж тэрбээр хэлжээ.

• В.Путиний хэлснээр, ОХУ-д олигархууд байхгүй. Тэрбээр Орост хувийн томоохон компаниуд, төрийн оролцоотой компаниуд байгаа гээд, гэхдээ “ийм томоохон компаниуд эрх мэдэлтнүүдтэй ойр байх зарим давуу талуудыг ашигладаг гэдгийг” мэддэг гэсэн байна.

• Эдийн засгийн хамгийн чухал зорилт бол түүний бүтцийг өөрчлөх, хөдөлмөрийн бүтээмжийг технологийн тусламжтайгаар нэмэгдүүлэх юм гэж тэрбээр хэлжээ.

• Сергей Скрипаль болон түүний охин Юлияг хордуулсан түүх таван копейкийн ч үнэ хүрэхгүй гэж ОХУ-ын Ерөнхийлөгч үзэж байна. Түүний үзэж байгаагаар, “энэ хэргийг өнгөрсөнд орхиж, тусгай албадад бүхнийг цэгцлэх боломж олгох ёстой”.

• Урвалт бол хамгийн жигшүүртэй хэрэг гэж В.Путин хэлсэн байна. Тагнуулын Ерөнхий газрын хурандаа асан С.Скрипаль Их Британийн талд тагнуул хийсэн хэргээр Орост шийтгүүлсэн талаарх асуултад хариулахдаа, Солсберид тохиолдсон шиг шийтгэх ёстой гэж би хэлэхгүй. Гэхдээ урвагчийг шийтгэх ёстой” гэв.

• В.Путин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг авьяас чадвартай гэж үздэг хэдий ч түүний олон арга барилыг хүлээн зөвшөөрдөггүй гэдгээ хэлсэн байна. Америк түнш нь мэргэжлийн улстөрч биш боловч “сонгогчид түүнээс чухам юу хүлээж байгааг маш сайн мэддэг” гэж тэрбээр онцлон хэлжээ.

• Трампын сонгуульд ялсан шалтгааны талаар ярихдаа, Цагаан ордны одоогийн тэргүүн Америкийн нийгэмд болж буй өөрчлөлтийг маш нарийн мэдэрч чадсан гэсэн байна.

• Стратегийн давшилтын зэвсэглэлийг хорогдуулах гэрээний хэрэгжилтийг зогсоосонтой холбоотой сэдвийн талаарх ярихдаа, “СНВ-3” гэрээгүй бол зэвсэглэлээр хөөцөлдөхөөс урьдчилан сэргийлэх өөр ямар ч хэрэгсэл дэлхий дээр үлдэхгүй гэжээ.

• В.Путиний хэлснээр, АНУ болон БНХАУ-ын хооронд өрнөсөн худалдааны маргаан хэрхэн эцэслэн шийдэгдэх талаар, мөн Вашингтон бодлогогүй алхам хийхгүй байх эсэх, америкчууд удаан тэвчиж чадах эсэхийг урьдчилан таамаглахад хэцүү. Үүний сацуу тэрбээр Хятадын тал “ийм аюулууд” үүсгэхгүй гэж үзэж байна.

• ОХУ болон БНХАУ-ын бодлого нь хэн нэгний эсрэг чиглээгүй гэдгийг В.Путин мэдэгджээ.

• Бээжинтэй хамтран ажиллахдаа Москва маш их бооцоо тавьж, “нэг сагсанд хэтэрхий олон өндөг хийж байгаа эсэх тухай” асуултад хариулахдаа, В.Путин ОХУ эрсдлийг үргэлж тооцоолдог гэж цохон тэмдэглэсэн байна. “Бидэнд хангалттай өндөг байна. Гэвч энэ өндөгнүүдийг хийх сагс тийм ч олон байхгүй байна” гэж тэрбээр хэлжээ.

• ОХУ Сирид өмнө нь тооцоолж байснаас илүү их үр дүнд хүрсэн гэж В.Путин мэдэгдсэн байна. Түүний хэлснээр, Оросын явуулсан ажиллагааны дүнд олон босогчийг устгаж, Сирийн төрт улсыг хадгалан үлдэхийн зэрэгцээ бүс нутгийн байдлыг тогтворжуулсан. Үүнээс гадна, Москва “бүс нутгийн бүх улстай хангалттай сайн бөгөөд ажил хэргийн харилцаа тогтоосон бол” Оросын Зэвсэгт хүчин “цэргийн ямар ч сургуулийн үеэр авч чадахгүй туршлагыг олж авсан байна”.

• В.Путиний хувьд өөртэй нь харилцаж байсан гадаадын улстөрчид дундаас Францын Ерөнхийлөгч асан Жак Ширак маш онцгой сэтгэгдэл төрүүлжээ. Харин АНУ-ын Ерөнхийлөгч нарын тухайд ярихдаа, тэрбээр ерөнхийдөө Америкийн удирдагчид бүгд бусдын л адил өөр хоорондоо ялгаатай энгийн хүмүүс гэжээ.

• Удирдагчдаас хэнийг хамгийн их биширдэг вэ? гэдэг асуултад тэрбээр “I Петр” гэж хариулсан байна. 

• Путин хэлэхдээ, Оросын эрх баригчдын үүрэг бол цаашид улам сайжирна гэсэн урьдчилсан таамагтайгаар, ард түмэнд тогтвортой, аюулгүй амьдралыг бий болгох юм гэжээ. 


Эх сурвалж: Монцамэ агентлаг