Эрдэнэ зая бандид Лувсанданзанпүлжинжигмэд гэгээнтэн 2019.02.04 буюу битүүний сансарын барилдлагатай өдөр нирваан дүрийг барилаа.
Гэгээнтэн багш маань 15-н дүрээрээ монгол түмнийхээ сайн сайхан соён гэгээрүүлэх их үйлсийн төлөө өдөр шөнө алгасаралгүй хичээн ирснийг буурал түүхийн хуудаснаас бэлээхэн харж болох билээ.
Хувьсгалын жилүүдэд хувилгаадын хойд дүрийг тодруулах ажил хаалттай байсан боловч анх түрүүнд Богд эзэн хааны лүндэн бошигын дагуу Заяын гэгээний хойд дүрийг туулай жилдээ Дээрхийн гэгээнтэн 14-дүгээр Далай багш тодруулан өөрийн ивээл дор авч ном эрдэм сурган монголын бурхан шашны гурван зулын нэг хэмээн батламжилсан байдаг.

Энэ дүрийн гэгээнтэн урд дүрүүдийнхээ түүхэн улбааг үргэлжлүүлэн дэлгэрүүлж ирсэн.
Хуучин барилдлагатай байсан Өмнөд Энэтхэгийн Сэражэй дацантай холбоо тогтоон лам нарын боловсролыг ахиулах боломж бүрдүүлсэн.
Өөрийн төрсөн нутаг Архангай дахь Төгс баясгалант буян дэлгэрүүлэх хийдийг хөгжүүлж өргөтгөн дэлгэрүүлсээр ирсэн.
Улаанбаатар хотод Зая гэгээний гүшог дацанг бүтээн байгуулж байна.
Монгол улсынхаа лус савдагыг аргадаж гол нууруудын лусыг тахиж дүлцэн өргөх ажлыг зохион байгуулж уламжлал болгосон.
Монгол улсынхаа дөрвөн өнцөгт дөрвөн махранз бурханы суваргат цогцолбор бүтээн байгуулсан тэргүүтэй  эрдэм үйлсийн далайг үгүйлж барашгүй билээ.
Гэгээнтэн багш маань эх болсон монгол нутагтаа эргэн хувилж энгийн олон түмэндээ ач тусаа хүргэнэ гэдэгт шавь бид эргэлзэхгүй байна.
Ум сайн амгалан болтугай
Улаанбаатар хот дахь
Зая гэгээний гүшог дацан