Victoria's Secret-ийн дэлгүүрийн сүүлийн улирлын борлуулалт наад зах нь нэг жилийн дотор 7 хувиар буурсан тухай толгой компани болох L Brands (LB) өнгөрсөн лхагва гарагт мэдээлжээ. Харин тус компанийн бусад брэнд болох “flagship”, “Bath and Body Works” брэндүүдийн үзүүлэлт сайн байсан аж.

Бусад жижиглэн худалдаалагчид тэр дундаа Walmart (WMT) болон Best Buy (BBY) зэрэг нь сүүлийн улиралд сайн гүйцэтгэлтэй байсан ба энэ нь эдийн засаг хүчтэй байгааг харуулж байна. Гэвч Victoria's Secret болон түүний өсвөр үеийнхэнд зориулсан “Pink”брэнд нь асуудалтай тулгарчээ. 

Асуудал нь тэд хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн бүтээгдэхүүнээ гаргаагүй, мөн зар сурталчилгааны тал дээр зөв мессежийг хүмүүст хүргээгүй гэж үзэж байна. Дотуур хувцасны маркетингийн чиг хандлага өөрчлөгдсөн ч Victoria's Secret нь зах зээлийг давамгайлах ижил арга барилтайгаа ноцолдсоор байгаа. Үүнд, өргөгчтэй хөхний даруулга, олны танил моделуудыг нүүр царайгаа болгодог гээд дурьдаж болно. Үүнээс гадна баярын үеэр худалдан авагчдыг татахын тулд их хэмжээний урамшуулал санал болгодог нь ашигт сөргөөр нөлөөлдөг. 

Тус брэнд нь хэцүү борлуулалтаас гадна, төлөвлөсөн дэлгүүрийн хаалт гээд үймээнтэй байгаа аж. Мөн 11 дүгээр сард компанийн гүйцэтгэх захирал албан тушаалаасаа огцорсон. 12 дугаар сард хамгийн их дуулиан дагуулдаг загварын шоу нь хэзээ хэзээнээс ч илүү муу рейтингтэй байсан. Өнгөрсөн жил компани нь гучин дэлгүүрээ хаасан байна. Үүнтэй холбоотойгоор энэ жил дахин 53 салбар дэлгүүрээ хаахаар төлөвлөж буй аж.

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 3.8 сая үйлчлүүлэгчдээ өрсөлдөгч "Amazon" (AMZN) болон American Eagle's (AEO) Aerie зэрэг компаниудад алдсан гэж GlobalData Retail-ийн шинжээч Нэйл Саундерс тооцоолсон байна. Сүүлийн жилүүдэд дотуур хувцасны салбарын өрсөлдөөн хүчтэй нэмэгдсэн.

Adore Me болон ThirdLove зэрэг зах зээлд шинээр түрэн орж ирсэн “startup”-ууд нь Victoria's Secret-ээс илүү биед сууж өгдөг даруулгыг санал болгон, загвар өмсөгч бус, ердийн эмэгтэйчүүдийг модель болгодог.

Үүнээс гадна томоохон жижиглэн худалдаалагчид тус зах зээлд түрэн орж ирсэн нь Тarget бөгөөд эмэгтэйчүүд, охидуудад зориулсан дотуур хувцасны брэндүүдийг эхлүүлсэн байна. Сөн Lululemon болон Wallmart нь тухайн салбарт өөрсдийн байр суурийг нэмэгдүүлэхээр идэвхитэй ажиллаж буй юм. 

Шинжээчийн үзэж буйгаар Victoria Secret нь тачаангуй дүр төрхийг илэрхийлэн, “airbrush”-тай моделиудыг нүүр царайгаа болгож ирсэн. Одоо тэд энэхүү имижээ огцом өөрчлөх нь амаргүй ба тэдний сонголт нь хязгаарлагдмал байх болно хэмээн мэдэгджээ. Одоогийн байдлаар АНУ-д тус брэндийн 950 дэлгүүр үйл ажиллагаагаа явуулж байна.

Эх сурвалж: https://edition.cnn.com