Нийслэлийн Засаг Даргын шийдвэрээр нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа соёл урлаг, үзвэр үйлчилгээ, зах, худалдааны төвийн барилга байгууламжийн галын болон хөдөлмөрийн аюулгүй ажиллагаанд хяналт шалгалт хийхээр болжээ. 

Шалгалтын ажлын хэсэгт нийслэлийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн бие бүрэлдэхүүнээс томилогдлоо. Хяналт шалгалт өнөөдрөөс эхэлж байгаа юм.

Өнгөрсөн жил нийслэлд хүн ам олноор төвлөрсөн худалдаа үйлчилгээний Барс худалдааны 1, 2 дугаар төв, Баянзүрх худалдааны төв, Юмт бөмбөгөр, Хүчит шонхор, Гурван Эвтэн ХХК-ийн Далай ээж, Меркури зах, Бүрд худалдааны төв, Одкон Тек барилгын барилгын материалын худалдааны төв зэрэг үйл ажиллагаа явуулж буй барилга, байгууламжууд эрсдэл үүсэхгүй гэх баталгаагүй байгааг олон нийт, үйлчлүүлэгчид, түрээслэгчдэд анхааруулж байсан билээ.