Өнгөрсөн амралтын өдрүүдэд Узбекистан улс Бабур хааны мэндэлсний 537 жилийн ойг орон даяараа тэмдэглэжээ.

Бабур хаан 1519 онд өнөөгийн Афганистаны нийслэл Кабул хотыг үүсгэн байгуулж, тэндээсээ 1526 онд Энэтхэгийн Дели хотыг эзэлснээр Делийн султант улс мөхөж, Их Могол улс байгуулагдсан түүхтэй бөгөөд түүнийг Узбекистан болон Киргизстан улсуудад үндэсний баатар хэмээн өргөмжилдөг юм.


Узбекистаны нийслэл Ташкент хотод түүний ном бүтээлээр үзэсгэлэн гаргаж, эрдэм шинжилгээний бага хурал, дуу бүжиг, жүжиг гэх мэт соёл урлагийн арга хэмжээ зохион байгуулж тэмдэглэсэн байна.

Доголон Төмөр Хааны угсааны Барлас аймгийн хүн тэрээр аугаа их яруу найрагч, төрийн зүтгэлтэн гэж хүндлэгддэг юм байна. Тэрээр өөрийхөө амьдралын тухай Бабурнама бүтээлээ Цагаадайн улсын хэлээр бичсэн бөгөөд, хожим нь түүний ач хүү Их Моголын эзэнт улсын гурав дах хаан Акбарын үед Перс хэл рүү хөрвүүлэгдэж эдүгээ хорь гаруй улсын дунд сургуулийн сурах бичигт заадаг байна. Түүний ном Дели болон Лондон хотын музейнүүдэд хадгалагдаж байна.

Бабур гэдэг нь Бабер, Баабар, Бобур гэх мэт олон янзаар дуудагддаг бөгөөд дундад зууны монгол, түрэг хэлний бар гэсэн үгнээс гаралтай юм.