БНХАУ-ын Өвөр монголын өөртөө засах орны засаг захиргаа бага, дунд дээд сургуулийн гол гол хичээлүүдийг Хятад хэлээр орох тухай Хятадын коммунист намын "хос хэлний" шинэ бодлогыг эсэргүүцэн, эх хэлээ хамгаалахын төлөө тэмцэж байгаа эцэг эхчүүд, оюутнуудыг цагдаагийн хүчээр баривчилж эхэлсэн байна.

Өвөрмонголын өөртөө засах орны дарга Бу Сяолин (Өвөр монголын өөртөө засах орныг байгуулсан Улаанхүүгийн ач охин) өнгөрсөн Мягмар гаригт телевизээр хэлсэн үгэндээ шинэ бодлого бол "чухал улс төрийн даалгавар" гэжээ. Мөн Ерөнхийлөгч Ши Жинпин болон Коммунист намын удирдлагад үнэнч гэдгээ нотолж уг шийдвэрийг саадгүй хэрэгжүүлэхийг бүх боловсон хүчнүүдэд үүрэг болгосон байна.

Сүүлийн хэдэн өдрийн хугацаанд эсэргүүцлийн жагсаалд оролцсон, онлайнаар эсэргүүцлээ илэрхийлсэн хэд хэдэн хүнийг баривчилсан байна. Нэрээ нууцлахыг хүссэн нэгэн цагдаагийн албан хаагч АНУ-ын Лос Анжелес Таймс сонинд хэлэхдээ хоёроос гурван цаг тутам бид шинэ хүнийг баривчлах даалгавар авч байна гэсэн байна. Уг мэдээллийг нийтэлсэн, жагсаалыг сурвалжилсан Америкийн сэтгүүлчийг цагдаа нар мөн баривчилж саатуулсан, өвөрмонголд дахин нэвтэрэхийг хориглосон байна.

Хорчин аймгийн цагдаагийн газар эрэн сурвалжилж байгаа 129 хүмүүсийн камераар авсан толгойн зургийг нийтэлсэн байна. Хэрүүл тэмцэл өдөөсөн, асуудал тарьсан хүмүүс буюу тэрс үзэлтэн, хуульч, идэвхтэн тэмцэгч нарыг 5 хүртэлх жилээр шиоронд хорьж шийтгэдэг. Хэрэв давтан үйлдвэл 10 жилээр хорьдог байна.

Хүүхдүүдээ сургуульд явуулахгүй, гэртээ цоожилж байгаа эцэг эхчүүдийг ажлаас нь халж, ажилгүй болгоно гэж зэргээр дарамталсан байна. Цагдаа нар эцэг эхчүүдийн ар гэрээр орж, дахиж эсэргүүцэхгүй, дaгaж мөрдөнө гэсэн ам өчгийг нь авч цаасан дээр гарын үсгийг авч байна. Хэрэв эсэргүүцвэл насан турш цагдаагийн дарамт шахалт, цагдалтан дор байх болно гэж сүрдүүлж байгаа юм байна. Эсэргүүцэлд оролцсон хүмүүсийн нэрс өгвөл мөнгөн шагнал өгнө гэж зарлажээ.

Эх сурвалж: latimes.com/