Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар өвөлжилт хүндэрсэн Архангай, Булган, Говьсүмбэр, Дорноговь, Орхон, Завхан, Өмнөговь, Хэнтий, Хөвсгөл, Увс аймаг болон Улаанбаатар хотод нийт 3.8 мянган тонн өвсийг Улсын нөөцөөс үнэгүй олгохоор болов. 

Мөн 3000 тонн тэжээлийг 50 хувь хямдруулан худалдахаар шийдвэрлэлээ. Нэр бүхий аймаг, нийслэл, сумын Засаг даргын Тамгын газар, Онцгой байдал, Үндэсний аврах бригад, нөөцийн салбар, цагдаагийн байгууллагад “УАЗ-22069” маркийн фургон болон “УАЗ-315195” маркийн хантер автомашин, гэр, завь, хөдөлмөр хамгааллын хувцас, жавелин, спирт агуулсан уусмал, тамедин, химодин, амны хаалт зэргийг олгоно.  

2019 оны сүүлийн хагаст болсон гамшгийн голомтод ажилласан алба хаагчдын томилолт, урамшуулал болон бусад зардалд шаардагдах хөрөнгийг 2020 оны батлагдсан төсвөөсөө гаргахыг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшинд зөвшөөрөв.