Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагаас хэрэгжүүлж буй "Монгол Улс дахь дотоодын шилжилт хөдөлгөөнийг ойлгож удирдах нь" төслийн нээлт 2 сарын өмнө болсон билээ. Тус төсөл шилжилт хөдөлгөөнийг удирдан зохицуулах замаар шилжин суурьшигчдын нийгэм, эдийн засгийн байдлыг сайжруулах зорилготой бөгөөд Швейцарийн Хөгжлийн агентлагийн санхүүжилтээр эхлүүлж буй.

Тус төслөөс зорилтот 3000 хүнийг хамруулсан Монгол Улс дахь дотоодын шилжилт хөдөлгөөн хэрхэн, яаж өрнөж буйг судласан судалгааг МУИС, Шведийн их сургууль, Үндэсний статистикийн хороо зэрэг газруудтай хамтран хийжээ. 

Судалгаагаар хотод шилжүүлэн суурьшигчдын ихэнхи нь тогтмол ажлын байртай болох, амьдралын боломжит нөхцлийг эрэлхийлсэн 25-39 насныхан байгаа гэдгийг тодорхойлсон байна. Гэвч тэдний ихэнх нь төрийн үйлчилгээ авч чаддаггүй бөгөөд голдуу хотын захын бүсэд амьдарч буй. Учир нь мэдээлэл хомс, шилжин суурьшихыг эрх зүйн хувьд хязгаарласан нь хүндрэл учруулдаг аж. Энэхүү шалтгаанаас болж эмнэлэгийн үйлчилгээ авч чаддаггүй, хүүхдээ сургууль цэцэрлэгт нь хамруулж чаддаггүй байна. Үүний цаад учир шалтгаанд нөлөөлж буй хүчин зүйлийг ч судалгаагаар тодруулжээ. Үүнд иргэд тухайн зорин очиж буй газрынхаа талаар судалдаггүй эсвэл маш бүрхэг мэдээлэлтэй очдог байна. Тухайлбал хороо дүүргийн ажилтнуудаас бус голдуу танил найз нөхдөөсөө мэдээлэл авдаг гэж иргэд хариулжээ.  Иймээс тэднийг мэдээлэлжүүлэх, мэргэжлийн дэмжлэг туслалцаа үзүүлэх нь чухал байгаа юм.

Манай улс ОУШХБ-ын гишүүн орноор 2008 элсэж, олон улсын дээрх байгууллага 2010 оноос Монголд үйл ажиллагаа явуулж байна. Сонирхуулахад дотоодын шилжигчид голдуу Улаанбаатар, Сэлэнгэ, Дорноговийг чиглэдэг аж. Харин хамгийн их шилжилт хөдөлгөөн явагдаж, иргэд нь нүүж буй нь Увс, Баянхонгор, Сүхбаатар аймаг аж. Эдгээр иргэдийн ихэнх нь бүрэн дунд боловсролтой бөгөөд голдуу Улаанбаатарыг зорьдог байна. 

ОУШХБ-ын Монгол дахь салбарын хөтөлбөрийн менежер Виктор Лютенко:

Дотоодын шилжилт хөдөлгөөнд ажилгүйдэл, зуд нөлөөлж байгаа үнэн боловч шилжин ирэгчдийн ихэнх нь амьдралаа дээшлүүлэхийн тулд нийслэлийг зорин ирж байна. Тэд голдуу 0-4 настай хүүхэдтэй 25-39 настай хөдөлмөрийн насны гэр бүлүүд байдаг. Хөдөө орон нутгаас нийслэлд суурьшиж буй эдгээр иргэдийн хамгийн том асуудал нь мэдээлэл авч чаддаггүй байдал юм. Эдгээр залуусын ихэнх нь Улаанбаатарт амьдралаа дээшлүүлж, орлоготой болсныхоо дараа гадаадын орнууд руу ажиллахаар явах сонирхолтой. Сонирхолтой нь хот руу шилжин суурьших шийдвэрийг голдуу эмэгтэйчүүд гаргадаг, эсвэл тэрхүү шийдвэрт нөлөөлдөг юм билээ.