2022 онд Бээжинд болох өвлийн олимпийн хөтөлбөрөөс эрэгтэйчүүдийн хоккейн төрлийг хасах хувилбарыг Олон улсын Олимпийн хороо /ОУОХ/ судалж байна. Энэ тухай "TSN" сувгийн сэтгүүлч Горд Миллер өөрийн твиттер хуудастаа Олон улсын хоккейн холбооны ерөнхийлөгч Рене Фазель-ийн ярьсныг иш татан дурджээ.
 
Одоогийн байдлаар ОУОХ хоккейн тэмцээнтэй холбоотой 4 хувилбарыг судалж байгаа аж. Үүнд: нэгдүгээрт, Үндэсий хоккейн лигийн /ҮХЛ/ тоглогчдыг олимпод оролцуулах, хоёрдугаарт, ҮХЛ-тэй гэрээ байгуулсан хоккейчдыг оролцуулахгүй байх, гуравдугаарт, олимпод 23-аас доош насны хоккейчдыг оролцуулах, дөрөвдүгээрт, олимпийн тоглолтын үеэр хоккейн тэмцээн явуулахгүй байх.
 
Сэтгүүлч Миллерийн онцлон тэмдэглэснээр, эдгээр 4 хувилбарыг ОУОХ яг адил түвшинд судалж байгаа аж. Харин тухайн асуудлаар хэзээ эцсийн шийдвэр гаргах нь тодорхойгүй байна.
 
ҮХЛ 2017 оны 4 дүгээр сарын эхээр мэдэгдэхдээ, олимпийн хоккейн тэмцээний үеэр /2018 оны 2 дугаар сар/ лигийн аварга шалгаруулах тэмцээнээ зогсоохгүй гэж байсан юм. Дараа нь ҮХЛ-ийн комиссар Гэри Бетмэн “Өмнөд Солонгосын Пёнчанд болох өвлийн олимпод лигийн тоглогчид оролцохгүй” гэдгийг мэдэгдсэн билээ.
 
Дашрамд сонирхуулахад, эрэгтэйчүүдийн хоккейн төрөл нь анх 1920 онд Бельгийн Антверпен хотод болсон зуны олимпийн хөтөлбөрт багтжээ. Харин 1924 оноос хойш өвлийн олимпийн төрөл болсон байна. Анхандаа олимпийн хоккейн тэмцээнд сонирхогч тамирчид оролцож байсан бол 1988 оны олимпоос эхлэн мэргэжлийн хоккейчид оролцохыг зөвшөөрчээ.
 
2022 оны өвлийн олимпийн наадам 2 дугаар сарын 4-20-ны өдрүүдэд Хятадын нийслэл Бээжин хотод болно.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг