Өвлийн богино, хүйтэн өдрүүдэд зөв хувцаслахаас эхлээд, фитнесс клубт элсэж, өөрийн биеийн өөрчлөлтүүдийг хянах зэрэг хэрхэн дасгал хөдөлгөөнөө идэвхтэй үргэлжлүүлэн хийх талаарх зөвлөгөөг хүргэж байна.


Сорилтод өөрийгөө бэлдэх

Бэлтгэл сургуулилтыг зорилготой хийх нь амжилт, ахиц гарахад маш их хувь нэмэр оруулдаг. Тиймээс найзтайгаа мөрийцөх, өөрийн фитнесийн түвшинээ ахиулах, эсвэл маратон гүйлтийн тэмцээнд орохоор өргөдөлөө өгөх гэх мэт ямар нэгэн зорилтыг өөртөө тавь.


Нийгэмших

Зарим хүн ганцаараа дасгал хийх дуртай байдаг бол заримд нь хамт дасгал хийх хамтрагч хэрэг болдог. Дасгалын групп, ангид элсэн найзтайгаа хамтраарай. Судалгаанаас харахад хүмүүс найзтайгаа хамтарснаар илүү идэвхитэй тууштай хичээллэдэг нь ажиглагдсан байна.


Дасгалуудаа солих

“Дасгал хөдөлгөөнийг төрөлжүүлэх нь сэтгэл ханамжийн гол түлхүүр” хэмээн хувийн дасгалжуулагч хэлжээ. Нэг төрлийн дасгалыг дахин дахин хийх нь хүмүүсийг залхаадаг. Флоридагийн Их сургууль нэгэн судалгаа явуулсан ба судалгаандаа 114 эрэгтэй, эмэгтэйг хамруулжээ. Тэдний зарим нь нэг төрлийн дасгалыг долоо хоногт 3 удаа, давтамжтайгаар хийсэн бол бусад нь олон  төрлийн дасгалуудыг хавсарч хичээллэсэн байна. Тэдний эхний бүлэг нь дасгалыг орхих хандлагатай их байсан бөгөөд харин хослуулан хийсэн хүмүүсийн сэтгэл ханамж 20 хувиар илүү байсан гэжээ.


Дулаан хувцаслах

“Муу цаг агаар гэж байдаггүй, харин зохимжгүй хувцаслалт байдаг” гэсэн үг бий. Хэрвээ гадаа дасгал хөдөлгөөн хийдэг бол цаг агаарт тохируулан зөв хувцасласнаар хүйтнийг ажрахгүйгээр дасгалаа хийх боломжтой. Мөн энэ үед өмсдөг хувцастаа гэрэлтүүлэгч байрлуулахад илүүдэхгүй.


Гэртээ дасгал хийх 

Техник технологи хөгжсөн энэ цаг үед youtube болон бусад аппликейшнын тусламжтайгаар гэртээ дасгал хөдөлгөөн хийх боломжтой.


Дасгал хөдөлгөөнөө хянах

Таны үйл ажиллагааг хянах боломжтой олон тооны апп-ууд болон гаджетууд байдаг. Заавал үнэтэй технологи байх албагүй. Тэмдэглэл хийх, эсвэл хуанли дээр тэмдэглэх нь танд дасгал хийсний дараах үр дүнгээ харахад тусална. Эрүүл мэндийн шинжээчид зайнд анхаарлаа хандуулахаас илүү, алхамуудынхаа тоог нэмэгдүүлэхийг уриалан өдөр тутамдаа дор хаяж 10 минутыг тогтмол алхахыг зөвлөжээ.


Өөртөө амрах цаг олгох

Амралт, нөхөн сэргээлт хүний биед зайлшгүй чухал. Ялангуяа дасгал хөдөлгөөн, биеийн тамирын дасгал хийх зэрэгт чухал ач холбогдолтой. Мичиганы Улсын Их Сургуулийн үзэж буйгаар тамирчид нойр дутуу авбал бэлгийн дааврын түвшин нь өөрчлөгдөж, кортизол дээд түвшинд хүрч, хүний өсөлтийн даавар буурах болно. Энэ нь нөхөн сэргэхэд муу нөлөөтэй. Халуун баннанд хэвтэн, биеэ дулаацуулан ядарсан булчингаа амрааж, халуун цай, ундаа уух нь таныг хүйтний улирлыг давахад туслана.


Эх сурвалж: https://www.theguardian.com