Сүрьеэтэй өвчтөн бүр халдвар тараадаггүй. Зөвхөн уушгины халдвартай хэлбэрийн сүрьеэтэй өвчтөн ярих, дуулах, ханиах, найтаахад сүрьеэгийн нян агаарын замаар тархдаг. 

Халдвар агуулсан агаараар эрүүл хүн амьсгалахад сүрьеэгийн нян уушгинд орж халдварлуулна. Харин тухайн хүний дархлааны байдлаас хамаарч халдвар авсан хүн бүр өвчилдөггүй. Халдвар авсан хүмүүсийн 90% нь хэзээ ч өвчилдөггүй, 10% нь биеийн дархлаа суларсан үед өвчилдөг байна.

Харин одоо та бүхэндээ Сүрьеэ өвчний дэлгэрэнгүй мэдээлэл өгөх үүднээс түгээмэл асуултанд хариулт өгье. 

-Сүрьеэ өвчин удамшдаг уу?
-Сүрьеэ бол удамшлын өвчин гэсэн буруу ойлголт хүмүүст байдаг. Сүрьеэгийн халдвар авах, өвчлөхөд нөлөөлөх гол хүчин зүйл нь халдвар бүхий агаараар амьсгалсан хугацаа байдаг ба халдвартай сүрьеэтэй хүнтэй хамт амьдардаг хүмүүст энэ эрсдэл өндөр байдаг. Өвөө, эмээ, аав, ээж нь халдвартай сүрьеэгээр өвчлөөд хүүхэд ач, зээдээ халдварлуулж өвчлүүлснийг сүрьеэ удамшдаг гэж буруу ойлгодог.

-Гэр бүл болоход нөлөөлөх үү?
-Өвчнөө бүрэн эмчлүүлээгүй халдвар тараасаар байгаа хүмүүс л гэр бүлийнхэндээ аюултай болохоос биш эмчилгээ хийлгээд эрүүл болсон хойно гэр бүл болоход сөрөг нөлөөлөх зүйл байхгүй

-Жирэмсэн эхчүүд яах вэ?
Сүрьеэ өвчин эхсээр дамжин халддаггүй учир жирэмсэн эмэгтэй хүүхэддээ сүрьеэ халдаах аюулгүй бөгөөд эм нь урагт гаж нөлөө үзүүлдэггүй.

-Сүрьеэтэй хүнд хориглох ажил бий юу?
Нэгэнт эдгэрсэн бол халдвар судлалын талаас хориглох ажил байхгүй боловч тоос шороотой, чийгтэй, хүйтэн нөхцөлд удаан хугацаагаар ажиллавал сүрьеэ өвчин дахин сэдэрч магадгүй юм.

-Сүрьеэтэй гэдгээ нуувал яах вэ?
-Нийгэмд сүрьеэ өвчнийг ядуу хүн өвддөг гэж үзэн сүрьеэтэй хүмүүсийг ялгаварлан гадуурхдагаас хүмүүс өвчнөө нуух тохиолдол гардаг. Хэрэв ингэх юм бол өвчин улам хүндэрч эмчлэхэд төвөгтэй болох төдийгүй амь насаа ч алдаж болох юм

Манай оронд жил бүр 400 орчим хүүхэд сүрьеэгээр өвчлөн, эмчилгээ хийлгэж байна. Хүүхэд ихэвчлэн гэр бүл, эцэг эхээсээ халдвар авдаг бөгөөд хэрвээ та сүрьеэгээр өвчилсөн бол гэр бүлийн гишүүд, ялангуяа энхрий хайртай үрсээ сүрьеэгийн хавьтлын үзлэг шинжилгээнд заавал хамруулаарай.

СҮРЬЕЭ ӨВЧНИЙ ШИНЖ ТЭМДЭГ

Хэрэв хүний биеийн эсэргүүцэл суларвал сүрьеэгийн нян үржиж эхлэнэ. Энэ үед сүрьеэгээр өвчиллөө гэж хэлнэ. Уушгины сүрьеэгийн үед:
• Удаан хугацаагаар (2 долоо хоног ба түнээс дээш) ханиалгах
• Цээжээр өвдөх
• Цустай буюу цэртэй ханиалгах болон доорхи бусад шинж тэмдэгүүд илэрч болно.
• Бие суларч ядрах
• Жин буурах
• Хоолонд дургүй болох
• Халуурах
• Шөнө хөлрөх
Мөн түүнчлэн сүрьеэгийн нян нь цус, тунгалагийн шингэнээр дамжин бусад эрхтэнүүдэд тархан яс, булчирхай, шээс бэлэг эрхтэн, тархи нугасны сүрьеэг үүсгэж болно. Энэ хэлбэрийн сүрьеэг уушгины бус эрхтэний сүрьеэ гэдэг ба өвчилсөн хүмүүс нь бусад хүмүүст халдвар тараах аюулгүй. Танд дээрх зовиур мэдэгдвэл эмчид хурдан үзүүлэхээс гадна таны гэр бүлийнхэн, хамт ажилладаг хүмүүс, ойр дотныхонд ийм шинж тэмдгүүд илэрвэл эмнэлэгт очихыг зөвлөөрөй.
Хэрэв танд эдгээр шинж тэмдэг илэрвэл яаралтай эмнэлгийн байгууллага ба эмчид хандаарай.