Шинэ коронавирустэй холбоотой асуудлаар Эрүүл мэндийн яам, холбогдох байгууллагууд өнөөдөр мэдээлэл хийлээ.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Гуравдугаар сарын 03-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан дөрвөн хүний шинжилгээний хариугаар бүгдээс нь коронавирус илрээгүй. Гуравдугаар сарын 04-нд нэг сэжигтэй тохиолдлыг ХӨСҮТ-д тусгаарласан. Мөн өчигдөр ХӨСҮТ-д зургаа, Бага баян сувилалд найм, нийт 14 хүнийг нэмж ажиглалтад авсан.

Бид зөвхөн сэжигтэй тохиолдлыг ажиглалтад авахаас гадна Улаанбаатар хотын, дүүргийн нэгдсэн эмнэлгүүдэд хэвтэн эмчлүүлж буй амьсгалын замын, уушгины цочмог халдвартай насанд хүрэгчдээс эхний тав хоногийнх нь үед шинжилгээ авч тандалт, судалгаа хийж байна. Тэдгээрээс санамсаргүйгээр авсан 60 тохиолдлоос коронавирус илрээгүй. Энэ нь уушгины халдвараар өвчлөн эмчлүүлж буй хүмүүсийг давхар баталгаажуулж буй юм. 

Мөн 2004 оноос 21 аймгийн 100 цэгээс томуугийн сорьц авч шинжилдэг сүлжээ лаборатор ажиллаж байна. Уг сорьц дээр мөн вирус илрүүлэх шинжилгээг давхар хийж байгаа" хэмээлээ.

Өнөөдрийн 10.00 цагийн байдлаар шинэ коронавирус дэлхийн 79 оронд бүртгэгдэж, нийт 95424 хүн халдвар авснаас 3283 нь нас баржээ. Өвчлөл БНСУ, Япон, Итали, Ирак, Иран, Герман, Испани, Франц зэрэг орнуудад голомтлон тархаж, Унгар, Польш, Слован гэсэн гурван оронд анхны батлагдсан тохиолдол бүртгэгдсэн байна.

Үүнтэй холбоотойгоор ДЭМБ-ын Ерөнхий захирал Терос Адханом "Одоогоор дэлхий дахинд уг өвчний эсрэг дархлаатай нэг ч хүн байхгүй. Тиймээс улс бүр, хүн бүр тайвширч болохгүй. Хариу арга хэмжээ, бэлэн байдлаа хангаж, урьдчилан сэргийлэлтээ улам эрчимжүүлэх шаардлагатай байна" гэдгийг онцлон анхааруулжээ.