Хамгийн завгүй хүмүүс хамгийн их ном уншдаг талаар сонсоод бидний олонх нь гайхдаг. Ном унших нь бүтээлч сэтгэлгээг хөгжүүлж, төвөгтэй асуудлыг шийдвэрлэх чадварыг нэмэгдүүлж, оюун ухааныг тэлдэг. Үүгээр ч зогсохгүй амрах нэг арга юм. 

Гэвч завгүй амьдралын хэв маяг бүрдсэн энэ үед ном унших цаг гаргах нь хэцүү болсон. 

Иймд өөртөө ном унших цаг гаргах зөвлөмжийг хуваалцаж байна. 

1. Уншиж амжихааргүй олон номтой бол 

Заавал ном худалдан авах шаардлагагүй. Номын сан, найз нөхөд, ажлын хамт олноосоо ч ном зээлж авч болно. Гэр дотор олон ном хөглөрсөн байгааг хараад унших сэдэл төрнө. Хэрвээ та дижитал ном уншигч бол олон ном суулгаарай. 

2. Нэг дор нэгээс олон ном унш 

Хүмүүсийн олонх нь нэг дор нэг л ном уншихыг илүүд үздэг. Зарим хүний хувьд нэг дор олон ном зэрэг унших дуртай байдаг. Зарим ном орой уншихад илүү тохирдог бол, зарим нь өдрийн туршид ч уншихад тохирно. Автобусаар явах, түгжрэлд зогсох, гэртээ амрах, орондоо орох зэрэг өөрийн цаг тухайд тохирсон номуудаа унших нь үр дүнтэй арга юм. 

3. Уншихдаа зорилго тавих 

Хэрвээ унших дадал зуршилгүй бол ном уншихдаа зорилго тавих нь үр дүнтэй. Жишээлбэл, нэг удаа уншихдаа 50 хуудас унших, эсвэл нэг бүлэг уншиж дуусгах зорилго тавьж болно. Зорилгодоо хүрэх тусам зорилгоо томсгох хэрэгтэй. Хуудасныхаа тоог нэмэх, нэг бүлгээ хоёр бүлэг болгож болно. Мөн сард нэг, жилд 20 ном унших зорилго тавих нь ч үр дүнтэй юм. 

4. Заавал унших ном 

Хэн нэгний санал болгосон номоос илүүтэй өөрийн хүсэл сонирхолд нийцсэн номын жагсаалт гарган унших хэрэгтэй. Номыг өөрийгөө баясгах, тайвшруулах, боловсруулах зорилгоор унших нь зүйтэй юм. Зөвхөн дэлхий дахинд уншиж байгаа учраас, хүн бүр уншиж байгаа учраас гэдэг зорилгоор ном унших нь үр дүнгүй.

5. Хурдан уншлагын дасгал хийх 

Богино хугацаанд илүү их зүйл уншихыг хүсвэл унших хурдаа нэмэх хэрэгтэй. Хурдан уншлагын олон дасгал байдаг тул судлаад өөртөө тохирох аргыг хэвшүүлээрэй. Тухайлбал, үг үгээр нь биш мөр мөрөөр нь унших, өгүүлбэрээр нь унших арга байна. 

6. Гар утсан дээрээ унших

Хэрвээ та дижитал ном уншдаг бол өөрийн бүх дижитал хэрэгслүүдэд номоо байрлуулах хэрэгтэй. Таблет, компьютер, и-ном, гар утсан дээрээ дээрээ номоо суулга. Ингэснээр хаана ч, хэзээ ч унших боломж бүрдэнэ. 

7. Унтахаасаа өмнө унших 

Унтахынхаа өмнө адал явдалт зохиол, өгүүллэг, зохиолын ном унших нь амралт болж, алжаал тайлдаг нь нотлогдсон. Ингэснээр өдрийнхөө бүхий л стресс, бухимдлаа ардаа орхиж, өөрийгөө нойрондоо бэлдэх юм. 

8. Хүмүүстэй нэгдэх

Онлайн талбарт ижил ном уншиж байгаа групп, бүлэг хүмүүстэй нэгдэх нь үр дүнтэй арга юм. Ингэснээр номынхоо тухай бусадтай ярилцаж,  бусдын үзэл бодлыг сонсож, илүү их ном унших сэдэл авч урамшдаг байна.

9. Өөрийн явцаа шалгах 

Жилийн турш уншсан номынхоо явцыг бүртгэдэг хэд хэдэн вебсайт байдаг. Үүний нэг нь GoodReads юм. Өөрийн уншсан, уншиж байгаа номуудаа бүртгэн оруулж, явцаа шалгах боломжтой. Үүнээс гадна уншсан номдоо сэтгэгдэл үлдээх, бусдын сэтгэгдэл, үзэл бодлыг унших, өөр сонирхолтой шинэ ном олох зэрэг олон давуу талтай. 

10. Энгийн мэдээ, пост уншихаа болих 

Хэрвээ ном уншихад цаг гаргая гэж бодож байвал үр дүнгүй өнгөрүүлдэг бусад ажлуудаа хасах хэрэгтэй. Тухайлбал, Фэйсбүүк, Твиттер, Инстаграмд өнгөрүүлэх цагаа унших цаг болгох боломжтой. 

11. Уншлагын тэмцээнд оролцох 

Энэ нь зорилго тавихтай төстэй арга юм. Өөртэйгөө өрсөлдөх энэ арга нь унших идэвхжүүлэлт өгнө.